Ардын уран зохиолч Л.Түдэв тэнгэрийн оронд заларлаа

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, СГЗ, Төрийн шагналт, доктор, профессор, XX зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэв өнөөдөр 85 насандаа таалал төгслөө. 

Л.Түдэв нь 1935 оны 2 сарын 9-нд Говь-Алтай аймгийн Наран (одоогийн Халиун) сумын нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар, малчин айлын гэр бүлд төржээ. 

Тэрбээр 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг хотод бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953 – 1956 онд УБДС, 1964 – 1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг дүүргэж, эрдэм мэдлэгийн суурь боловсролыг эзэмшсэн аж. 

Л.Түдэв 1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, П.Очирбаттай өрсөлдөж байсан юм.

Тэрбээр УБДС-ийг төгсөөд 1956 оны намар нь төрсөн нутаг Говь-алтай аймгийн Наран суманд очиж багшилсан бөгөөд 3 жил ажиллаж байгаад 1959 онд Улаанбаатарт багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд ажиллахаар томилогдсон. 1961 онд "Үнэн" сонин утга зохиолын нарийн бичгийн даргаар томилогдсон. Тэрбээр 1967 онд Москва хотод дэд эрдэмтний зэрэг хамгаалан ирснийхээ дараа МАХН–ын Төв Хорооны үзэл суртлын хэлтэст түр ажиллаж байгаад 1968 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн хорооны орлогч даргаар ажилласан. 1974 онд Л.Түдэв МЗЭ-ийн даргаар сонгогдов. Тэр шинэ албан ажлаа аваад төдий л удаагүй байтал буюу 1 жилийн дараа 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооний нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллах болсон юм. МЗЭ–ийн хорооны даргын ажлыг хувьсгалт залуучуудын эвлэлийн даргын ажилтай давхар хийсээр жил болсон бөгөөд зохиолч Д.Наваансүрэн, МЗЭ–ийн хорооны орлогч дарга болсноор түүнд зохиолчдын эвлэлийн хорооны даргын ажлыг өгчээ.

Л.Түдэв МЗЭ–ийн байгууллагын удирдах албан тушаалд ийнхүү 8 жил шахам хугацаанд ажиллахдаа зохиолчдын эвлэлийг олон нийтийн нэр хүндтэй байгууллага болгох, зохиолчдыгоо тэр үеийнхээ жишгээр эрхэлсэн ажилтай, нэр төртэй, хүн шиг хүн байлгах тал дээр их зүйлийг хийж гүйцэтгэжээ.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (21)