"Ардын билэг зүйн аман зохиол"-ын цахим уралдаан болно

Ховд аймагт “Ардын билэг зүйн аман зохиол”-ын цахим уралдаан болохоор болжээ. Тодруулбал, “Эх хэлний өдөр”-ийг тохиолдуулан олон угсаатны бүлгийн хэл аялгуу, аман зохиолын төрөл зүйлийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гоц авьяастныг тодруулах, алдаршуулах, соёлын өвийн санд хадгалан хамгаалах зорилго бүхий "Ардын билэг зүйн аман зохиол"-ын цахим уралдаан зохион байгуулах гэж байна.

Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөгжимт драмын театр, Номын сан, Музей, сумдын Соёлын төв хамтран ажиллах гэнэ.

Тус цахим уралдаан нь соёлын үнэт зүйлийг бий болгох, сурталчлан таниулах, хүртэх, эзэмших, хадгалан хамгаалах орчин нөхцөл бий болгож, хүүхэд, залуу үеийг оюунлаг, соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэхэд чухал ач тустай байна. Тиймээс орон нутгийн иргэд, хөдөлмөрчид тус уралдаанд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалав. 

Түүнчлэн оролцогчдын бэлтгэсэн дүрс бичлэгийг 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр дотор [email protected] цахим хаягаар хүлээн авч, бүртгэнэ. Улмаар хяналтын комисс чанарын шаардлага хангасан бичлэгийг есдүгээр сарын 21-28-нд “Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал” гэх цахим хуудсанд байршуулж, шалгаруулалт хийнэ гэлээ. 

Тавигдах шаардлагын хувьд дүрс бичлэгийн үргэлжлэх хугацаа нь 3-5 минут бөгөөд дуу, дүрс өндөр нягтаршилтай байх аж. Тэргүүн байрт өргөмжлөл, 400 мянган төгрөг олгоно. Харин дэд байрт 300 мянга, гуравдугаар байрт 200 мянга, тусгай байрт 100 мянган төгрөг тус тус олгохоор төлөвлөжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)