Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тогтоол баталлаа

УИХ-ын ээлжит чуулганы өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Байгаль орчны холбогдолтой хуулиудын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах чиглэлээр хоёр жилийн хугацаанд судалсан. Судалгааны явцад 19 хуульд 469 давхардал, хийдэл, зөрчил байгааг илрүүллээ. Улмаар 14 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулаад байна. Мөн байгаль орчин сүйтгэсэн, ховор амьтан агнасан, хууль бус үйлдэл гаргасан, түүнийг нуун дарагдуулсан этгээдэд тооцох хариуцлагыг чангатгахаар зохицуулсан” гэлээ.

Үүнтэй холбогдуулан ойг нөхөн сэргээх, нөөцийг нь эдийн засгийн эргэлтэд оруулахад иргэд, хувийн хэвшил, төр хамтрах, салбарын мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллах нөхцөлөөр хангах, Туул голыг улсын тусгай хамгаалалтад авч, хариуцсан эзэнтэй болгох хуулийн төслийг УИХ-д яаралтай өргөн мэдүүлэх, аюултай хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, хуулиудын зөрчлийг арилгаад зогсохгүй хэрэгжилтэд анхаарах, гадаргын усны нөөцийг ашиглан, цөөрөм байгуулах, гадаадаас авч буй зээл, тусламжийн тодорхой хувийг байгаль орчин хамгаалахад зарцуулах талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

Ингээд уг хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

ГЕНЕТИК НӨӨЦИЙН ҮР ШИМИЙГ ХҮРТЭХ БОЛОМЖ БҮРДҮҮЛНЭ

Дараа нь Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа ихэнх эм, био бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүнийг генетик нөөцөөс гарган авдаг аж. Гэвч манай оронд генетик нөөцөө судалж тогтоогоогүй, бүртгээгүй, хүний нөөцийн чадавхгүйгээс хяналтгүйгээр бэлтгэн, гадаадын улс руу гаргаж, үр шимийг нь төдийлөн хүртдэггүйг төсөл санаачлагч дурдав.

Хуулийн төслийг баталбал биотехнологид тулгуурласан судалгаа, үйлдвэрлэл хөгжих, хөрөнгө оруулалт нэмэгдэх, олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргах боломж бүрдэхийн зэрэгцээ эдийн засагт эерэг үр дүн гарах гэнэ. Мөн цаашид генетик нөөц болон тэдгээртэй холбоотой уламжлалт арга, ухааныг судлах, бүртгэх, хадгалж хамгаалах, ашиглах, үр шимийг нь хүртэх боломжтой юм байна.

Ховордсон ургамлыг хамгаалах, ашиглах зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгах, энэ талаар сурталчлан таниулах, биологийн нөөц, ховор ургамлыг хамгаалах, ашиглах, хадгалах, нэн ховор, ховор зүйлийг нь тарималжуулахад анхаарах, биотехнологийн салбарыг хөгжүүлэхэд судалгааны байгууллагын оролцоог дэмжих зэрэг саналыг гишүүд дэвшүүлэв. Улмаар эл хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.4 хувь нь дэмжлээ.

ТОГТООЛЫГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР БАТЛАХЫГ ДЭМЖИВ

Одоогоос 30 жилийн өмнө Монгол Улсад өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзан, чөлөөт ардчилсан сонгуулиар төрийн эрх барих дээд байгууллагаа сонгодог болсон нь түүхэн шинэчлэл байв. Тиймээс ардчилсан хувьсгалын ойг нийгмийн үнэт зүйлийг бий болгосон тэмдэглэлт үйл явдал гэж Төрийн байгуулалтын байнгын хорооноос үзээд, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай тогтоолыг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах нь зүйтэй хэмээн санал оруулжээ.

Байнгын хорооны энэ санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт тавьж, санал хэлэх гишүүн байгаагүй учраас уг тогтоолын төслийг гурван зүйл, хоёр хавсралттайгаар батлахыг дэмжив. Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг хэнд, хэрхэн олгохыг уг тогтоолоор зохицуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)