Ардчилсан холбооны анхдагчид ШИНЭ намд элсэхээ мэдэгдэв

1990 онд ардчилсан хувьсгалд оролцож байсан гишүүд 30 жилийн дараа эвлэлдэн нэгдэж шударга ёсыг бий болгохын төлөө “ШИНЭ” намыг дэмжиж өчигдөр онол практикийн бага хурал хийсэн байна. Уг хурлаар нийт ардчилсан холбооны гишүүд сонгогчдод уриалга гаргажээ.

Ардчилсан холбооны анхдагч гишүүн Д.Батсайхан “1990 оны Ардчилсан холбооны удирдагч С.Зориг маань ардчилсан хувьсгалыг хөгжүүлэх үндсэн дөрвөн зүйлийг тодорхойлсон байдаг. Нэгдүгээрт, улс орны эрх ашиг байх, хоёрдугаарт, намын эрх ашиг байх ёстой, гуравдугаарт, хэсэг бүлгийн эрх ашиг, дөрөвдүгээрт, хувь хүний эрх ашиг байх ёстой гэсэн дөрвөн зүйлийг тодорхойлж, бид ардчилсан хувьсгалыг хийж байсан. Гэтэл өнөөдөр энэ бүгд эсрэгээрээ болж хувь хүний эрх ашиг нэгдүгээрт тавигдаж нийгэм тэр чигээрээ гажуудсан. Иймд бид “ШИНЭ” намын залуучуудтай нэгдэж, нэгдүгээрт улс эх орны эрх ашиг бий болгож шударга ёсыг тогтооё гэсэн уриалга гаргаж үүнийгээ олон нийтэд танилцуулж байна. Бидэнтэй нэгдэж шударга ёсны төлөө тэмц" хэмээн иргэдэд уриалав.

Мөн тэрбээр цааш ярихдаа "Бид 1990 онд улс орноо сайхан болгохын төлөө ардчилсан хувьсгалд оролцсон. Энэ тэмцэлд оролцсон олон хүн хохирсон. Жишээ нь, би Төмөр замын авто баазад жолооч байсан юм. Намайг ардчилсан хувьсгалд оролцлоо гээд ажлаас халж, баазын байрнаас хөөсөн түүх бий. Гэтэл 30 жилийн дараа бидний хүссэн ардчилал биш хувь хүний эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нийгэм болж хувирсан. Иймд бид “ШИНЭ” намтай нэгдэж цаашид шударга ёсны төлөө тэмцэнэ" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (23)