Ардчилсан нам 4 сарын 5-нд ЖАГСААЛ зохион байгуулна

Ардчилсан намын нэр бүхий гишүүд жагсаал зохион байгуулахтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хаврын ээлжит чуулган нээхтэй холбогдуулан Ардчилсан намын зүгээс жагсаал цуглаан зохион байгуулахаар ажиллаж байна. Жагсаал цуглааны гол сэдэв бол өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Ардын Нам хоорондын тэмцэл зодооноос өөр олигтой ажил хийсэнгүй. Үүнээс өмнө улс орны эдийн засаг өсөлттэй байсан, ямарваа нэгэн эдийн засгийн хориг байхгүй байлаа. Ийм үед эдийн засгийн өсөлтийг бий болгосон олигтой ажил хийхгүйгээр дотоодын зөрчил тэмцэл хийсээр байгаад хугацаа алдлаа. Үүн дээр тодорхой шаардалгуудыг тавьж биелүүлэх талаар шаардана. Мөн нийгэмд маш их асуудал үүсгээд байгаа ЖДҮ-ийн асуудал дээр хариуцлага тооцож жагсана.

Түүнчлэн бидний 100 жилийн өмнө эрх чөлөөг маань худалдан авсан 1919 оны урвагч ноёдын буруугаар бид эрх чөлөөгөө алдсан. Яг 100 жилийн босгон дээр ШХАБ-д элсэх тухай асуудал бидний тусгаар тогтнол, эрх чөлөөг алдах асуудал болж байгаа. 

Амлалт үнэхээр хангалтгүй байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд эдийн засаг байнга өсөлттэй байсан. Энэ өсөлт нь цэвэр бизнес, хувийн ААН-үүдийн үйл ажиллагаатай шууд холбоотой. Дээрээс нь гадаад эдийн засаг дахь манай экспортын үнэ өссөнтэй холбоотой. Гэтэл энэ хугацаанд валютын ханшийг 600 орчим төгрөгөөр алдлаа. Мөн инфляци 1.3 хувь байсныг 9.4 хувь болгож өсгөлөө. Үүний үр дүнд иргэдийн өдөр тутам хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний үнийг 23 хувиар өсгөсөн байна. Энэ нь эдийн засагт маш их хор хохиролтой зүйл юм. Шатхууны үнэ маш их өссөн. 2016 оны сонгуулиар МАН "Таны гэдсэнд чинь байгаа хүүхэд хүртэл 15 сая төгрөгийн өртэй" гэж ард түмнийг айлгаж байгаад сонгуульд ялж байсан. Гэтэл өнөөдөр нэг ч томоохон бүтээн байгуулалт хийгээгүй мөртлөө өнөөдрийн байдлаар нэг хүнд ноогдох өр 23.341.251 төгрөгийн өртэй болж хувирлаа. Гурван тэрбум ам.долларын зээл аваад Ардчилсан нам маш олон бүтээн байгуулалт хийсэн. МАН-ын засаглаж байсан 90 жилийн түүхэнд бүтээсэн замтай тэнцэхүйц 3000 гаруй км замыг Ардчилсан нам тавьсан. Онгоц худалдаж авсан. Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Сумуудад цахилгаан хүргэсэн зэрэг олон чухал ажил хийж гүйцэтгэсэн. 

Гэтэл өнөөдөр нэг ч ажил хийгээгүй мөртлөө Засгийн газрын өрийг 4 тэрбум 471 сая ам.доллараар өсгөсөн байна. Ийм нөхцөл байдалд Засгийн газар ажиллаж байна. Өр нэмэгдүүлж байна, бүтээн байгуулалт огт хийхгүй байна. Дээрээс нь Засгийн газар дотоод тэмцлээ ярихаас биш урагшаа харсан бодлогын томоохон ажил хийсэнгүй. 

МАН татвар нэмэхгүй гэж ярьж байсан ч чуулганаар гэхэд л 7, 8 татварыг нэмсэн. Ирж буй нэг жилийн богино хугацаанд ард түмний орлогыг нэмэгдүүлсэн бодит ажил явуулах ёстой гэж үзэж байна. 

ШӨХТГ-ын дарга О.Магнай "04 дүгээр сарын 05-ны өдөр Ардчилсан намаас жагсаал зохион байгуулна. ШХАБ-д орохыг дэмжиж байгаа гишүүд ЖДҮХС-ээс зээл авсан гишүүд байгаа юм. ЖДҮХС-аас авсан зээл нь бүхэлдээ ЖДҮ-г дэмжихэд зориулагдаагүй. Үүнийг өгсөн цаад зорилго нь Монгол Улсыг ШХАБ-д зарах агуулгатай байж магадгүй гэж бид үзэж байна. 04 дүгээр сарын 05-ны өдөр биднийг дэмжиж олон иргэний төлөөллийн байгууллагууд хамт жагсана. Ардчилсан нам Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэхийг хэзээ ч дэмжихгүй. Нийт иргэддээ үзэл бодлоо илэрхийлж Сүхбаатарын талбай дээр бидэнтэй хамт жагсаач хэмээн уриалж байна" гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)