Ардчилсан намын төв цэг

МАН-ынхан өчигдөр Бага хурлаа хийлээ. Ялсан намын дарга нь Ерөнхий сайд байдаг зарчмыг зөрчиж, М.Энхболдыг спикер болгосонд тус намын цөөнгүй гишүүн тааламжгүй байгаагаа илэрхийлсэн. Тэд “Намын дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гол ачааг үүрэх Засгийн газраа тэргүүлж, хариуцлагаа хүлээх ёстой” гэж үзэж буй юм.

Хариуцлагаас зугтлаа ч гэж зарим нь хардаж байна. Юутай ч энэ намынхан Тусгаар тогтнолын ордондоо цуглан, шинэ Засгийн газрыг хэнээр тэргүүлүүлэхээ шийдэж, сайд нар нь хэн байх талаар хэлэлцэв. Харин нөгөө талд нь ялагдсан намынхан яаж шинэчлэгдэх, шавартай хутгалдсан нэр хүндээ хэрхэн сэргээх вэ хэмээн бодлогоширч сууна.

Сонгогчид АН-ыг Б.Баабарын хэлснээр “шигшээ баг”-аас нь салган цэвэрлэж өглөө. Тиймээс гишүүн асан Н.Батбаярын “Хямралыг боломж болгон хар” хэмээх алдарт “афоризм”-ыг хэрэгжүүлэх цаг ирэв. Өөрөөр хэлбэл, тус намынхан ялагдлыг өөрчлөгдөх, шинэчлэгдэх боломж болгох цаг ирж байна. Тэд энэ удаагийн УИХ-ын болон аймаг, нийслэлийн сонгуулиар “навс” ялагдаж, ердөө есөн суудал авсан нь үүнийг удирдаж байсан намын дарга, хамаг л хор найруулгын эзэн болдог фракцуудын тэргүүнтэй холбоотой.

“Шонхор”, МоАХ фракцынхан МАН-тай нийлж Засгийн газраа огцруулсан мөчөөс л тус намын нэр хүнд унаж эхэлсэн. З.Энхболд гишүүн энэ бүхний дараа намын даргын суудалд тухалж, улмаар “бүгдийн хаан” болох гэж зүтгэсэн. “Фракцгүй нам байна” хэмээн тэр зарласан ч бүлэглэлүүдийнх нь эрх мэдлийн төлөөх зөрчил, тэмцэл улам гаарч, түүндээ улсын эдийн засаг, ард түмнээ чирсэн нь үнэн.

Энэ байдлаараа удвал АН “амьсгал хураах” нь тодорхой байсныг манай сонин ч цөөнгүй сануулан бичсэн. Гэхдээ түр зуурын эрх мэдэлдээ нүд нь сохорчихоод АН-ын дарга, зарим фракцын удирдлага алдаагаа олж харсангүй, намынх нь нэр хүнд буурч, иргэдийн итгэлийг алдаж буйгаа ойлгохыг хүсээгүй. Хүн сүүдрээсээ салж чаддаггүйн адилаар энэ эрхмүүд намаа чирээд уналаа. Одоо ирэх дөрвөн жилд уг намд сэхэх нэг л боломж, гарц бий. Тэр нь өөрчлөлт, шинэчлэл. Үүнийг хэн хийж чадах вэ гэдэг нь асуудлын гол болж байна.

Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон есөн эрхмээс намын дараагийн даргыг сонгоно хэмээх яриа гарч байв. Үүн дотроос хамгийн тулхтай, хийсэн ажил, бас туршлагатай, гол нь нэр цэвэр хүнийг сонгох учиртай. Тэр шалгуурт илүү нийцэх хүн нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байлаа. Тиймээс ч уржигдар болсон тус намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.

Энэ эрхэм УИХ-д хоёр удаагаа улиран сонгогдсон. 2008-2012 онд АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр 2012 оны сонгуулиар намынхаа штабыг удирдсан юм. АН УИХ-д хамгийн олон суудал авсны нэг гавьяа түүнийх. Намын дарга Н.Алтанхуягтайгаа тэрбээр гар нийлэн ажиллаж, шуудайнд хийсэн үхрийн эвэр мэт олон фракцыг зангидан амжилттай удирдсан. 2012-2014 онд тэрбээр УИХ дахь бүлгээ ахлан ажиллаж, сүүлийн хоёр жил Аж үйлдвэрийн яамыг удирдаж байна. Өнгөрсөн хоёр жилд аж үйлдвэрийн салбарыг сэргээж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихийн төлөө чамлахааргүй ажилласан.

Түрүүчээсээ үр дүн гарч буй. Нэг ийм тулхтай, дайчин эрхэмд АН-ын гишүүд найдаж байгаа биз ээ. Залуус нь ҮЗХ, их хурлаа яаралтай хуралдуулж, намаа шинэчлэх, дүрмээ өөрчлөхийг шаардаж эхэлсэн. Тиймээс Гүйцэтгэх зөвлөл нь ҮЗХ-ны хурлыг энэ сарын 18-нд хийхээр товложээ. Үүгээр түүнийг жинхэлж, намын даргаар баталгаажуулах байх.

Үнэлэмж, нэр хүнд нь унасан намыг энэ эрхэм хүлээн авч буй. Тиймээс илүү их зориг, тэвчээр, ухаан зориулж ажиллах нь мэдээж. Тус намын дүрмээр ҮЗХ жилд хоёроос доошгүй удаа хуралдаж, 228 гишүүнийхээ гуравны нэгийг шинэчилж байх учиртай. Гэвч энэ мэтээр цус сэлбэх үйл явц сүүлийн хэдэн жилд зогсож, ҮЗХ-гоо ч хуралдуулж хүчрэхээ байсан.

Арай гэж нэг цуглах гэхээр том толгойтой зарим нэг фракцынхан нь ирцээр бойкотлоно. Ийм байхад их хурлын талаар ярих нь илүүц болж буй юм. Үүрэг гүйцэтгэгч хэмээн цоллуулж, нийт гишүүнийхээ дэмжлэгийг авч чаддаггүй байсан өмнөх дарга их хурлаа хийчихвэл “мултарчих” гээд байжээ. Тиймээс л өөрчлөлт, шинэчлэл гээчийг мартаж, зөвхөн өөрийн, бүлэглэлийн эрх ашигтаа нийцүүлэн намын дотоод асуудлыг хойш тавьсан байх нь. Тэгэхээр дүрмээ өөрчилж, бас хэрэгтэй заалтыг нь яс мөрдөхөөс шинэ дарга ажлаа эхлэх учиртай.

Мөн боловсон хүчнээ сэлбэх, шинэ залуу үеэ бэлтгэхэд анхаарах биз ээ. Удирдлагын багаа ч шинэ хүмүүсээр бүрдүүлэх нь зөв. Улиг болсон хэдэн улстөрч л “эргэлдээд” байж таарахгүй. 20 гаруй жилийн өмнө ардчилсан хувьсгалыг тэд хийсэн л юм байгаа биз. Үүнийхээ хариуд олон албан тушаалд очлоо, зарим нь ч хангалттай “идсэн” байх. Тиймээс одоо нэр цэвэр, боловсролтой, шинээр сэтгэдэг залуустаа орон зайгаа тавьж өгөх нь чухал. Шинэ нүүр царай, өөрөөр сэтгэж ажиллах баггүй бол эл нам шинэчлэгдэнэ гэх итгэл тэр бүр төрөхгүй. Энэ мэтээр АН-ын шийдвэрлэх тулгамдсан олон асуудал бий.

Сонгуулийн үр дүнгийн талаар нийтлэлч Б.Баабар “Энэ сонгууль МАН-ын төгсгөлийн эхлэл, АН-ын ялагдлын төгсгөл болно” хэмээн бичсэн байна лээ. Уг намын олон ч энгийн гишүүн тийм байгаасай, ирэх дөрвөн жилд намыг зөв хүн удирдаж, өөрчлөн чиглүүлээсэй хэмээн хүсэж буй. Олон мянган гишүүн дэмжигчийнх нь хүлээлт шинэ дарга Д.Эрдэнэбат тийш чиглэж байна. Тэр одоо АН-ын төв цэг, анхаарлын гол “бай” болжээ. Фракцын улс төрөөс, “шигшээ баг”-ынхнаас намаа нэгмөсөн салгаж, хаалга, цонхоо нээх том үүрэг, хариуцлага түүнд ногдож байна. АН сэхэх, эсэх нь шинэ удирдлагаас ихээхэн хамаарна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)