АРДЧИЛСАН НАМД ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ

Ардчилсан нам хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялагдал хүлээлээ. Сонгуулийн дүнгээс үүдэж, тус намынхны дотор шинэчлэлийн асуудал эрчимтэй яригдаж эхлэв.

АН-ын энэхүү ялагдалд намын удирдлагууд буруутай гэж тус намын залуу гишүүд нь үзжээ. Тодруулбал, “АН-ын дарга С.Эрдэнэ намаа ялагдалд хүргэсэн учраас даргын суудлаасаа огцорч, бүх гишүүдээ яаралтай хуралдуулж, шинэ удирдлага сонгох ёстой. Ард түмэн МАН-д сэтгэл хангалуун байгаа учраас сонгосон юм биш. Харин АН маш муу байсан учраас сонгуулийн дүн ингэж гарсан” хэмээн тус намын залуус мэдэгдэв.

Тийм ээ. МАН өрсөлдөгч хүчнүүдээсээ бодлогоороо эрс ялгарч, Монголыг хөгжүүлчихсэндээ ялчихсан юм биш. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн манлайлал ард иргэдийг өөртөө дэндүү сайн татаж чадлаа. Монголын ард түмэн хүчтэй лидер, удирдагчийг хүсэж байгааг ч харууллаа. Гэтэл АН-д ганцхан У.Хүрэлсүх гэдэг хүний өөдөөс өрсөлдөх хүн битгий хэл баг байсангүй.

АН-ын толгойд гарчихсан С.Эрдэнэ болоод түүний эргэн тойрныхон тус намын хавдар болсон гэж залуу үе нь үзэж байна. Уг нь энэ сонгуульд АН-д хүчтэй өрсөлдөгчид олон байлаа. Гэвч харамсалтай нь намын даргын менежмент маш муу байснаас үүдэж тус намын олон сайхан залуус шаварт унав. Нэг жишээ татвал Завхан аймагт нэр дэвшсэн З.Нарантуяа гишүүн. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа санаачилсан хууль, тойрогтоо хийж бүтээсэн зүйл ихтэй атлаа жирийн нэг бөх Ц.Цэрэнпунцаг, Боловсролын яаманд маш муу ажилласан гэгдэх Б.Баярсайхан мэтийн хүмүүст ялагдчихлаа. Харин намаасаа хөөгдөөд байсан Н.Алтанхуяг нь Орхон аймгаас бие даагаад ногоон гэрлээр гараад ирлээ. Н.Алтанхуяг намын дарга С.Эрдэнэтэйгээ олон жил үзэлцэж, “АН-ыг шинэчлэх ёстой, үүний тулд С.Эрдэнэ зайлах ёстой” гэж хатуухан мэдэгдэж байсан.

С.Эрдэнийн хувьд шударга, илэн далангүй, шулуухан үгтэй байж болно. Гэхдээ гадаадад гацсан иргэд нь зовж, зүдэрч байхад “Гаднаас вирус авчирлаа” гэж шууд хэлдэг тэнэг хүн гэж байх уу. Сонгууль болох гэж байхад бүхэл бүтэн намын дарга хүн шүү дээ. Ердөө л ганцхан үг АН-ыг тэр чигээр нь унагасан гэхэд хилсдэхгүй.

Ардчилсан нам 2016 оны сонгуулийн алдаагаа засахын тулд бүтэц зохион байгуулалтаа өнгөрсөн дөрвөн жил сайжруулсан гэж байсан боловч энэ удаагийн сонгуульд хүлээлтээс бага үр дүн үзүүлж 11 суудал авсан нь тус намын гишүүдийн урмыг хугалаад байгаа юм.

Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АН-ын даргад өөрийнхөө нэрийг дэвшүүлнэ гэдгээ хамгийн түрүүнд мэдэгдээд байна. Тэрбээр "Ардчилсан нам яаралтай шинэчлэгдэж, ард түмний итгэлийг эргүүлэн олж авах, улс төрийн олон жилийн түүхтэй том нам гэдэг үндсэн статусаа сэргээх ёстой. Тиймээс намын даргыг солих ёстой. Яагаад эмэгтэй даргатай байж болохгүй гэж" хэмээн хэвлэлд өгсөн шууд ярилцлагаараа мэдэгдлээ.

Ойрын хугацаанд тус намын удирдлага, бүтэц зохион байгуулалтад томоохон өөрчлөлт орж болзошгүй байна.

Ийнхүү Ардчилсан нам шинэчлэлийн гараан дээр дахин ирлээ. Шинэчлэгдсэн шиг шинэчлэгдэх, хууччуулаасаа салж, шинэ хүмүүсийг гаргаж ирсэн цагт ард түмэн тэдэнд дахин итгэл хүлээлгэх нь гарцаагүй.

Одоо өөрсдийгөө ардчиллын “Алтан хараацай” гэж ялархсан, энэ намын лидер гэж эндүүрсэн хүмүүсээс салах цаг болжээ. Ардчилсан нам шинэчлэгдэх нь Монголын улс төрийн хөгжилд тустай хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)