Ардчиллын БИЧЭЭЧ

  • Миний хоёр хүү одоо ингээд ээжгүй болох нь ээ. Гэхдээ ээж нь мэдэж байна. Миний хүүхдүүд сайхан амьдарна. Хүүдээ үнэхээр итгэж байна. Ийм сайхан амьдралын төлөө л бид тэмцсэн, ээж нь бас дэмжсэн...
  • Ээж ээ, та алимны мод тарьчихаад өөрөө алимаа идэж чадалгүй явах гээд байна шүү дээ...

Энэ бол ээж бид хоёрын дунд болсон сүүлчийн яриа. Ингээд би ээжгүй болсон. Уйлъя гээд ч нулимс гарахгүй, ярья гээд ч хоолойгоор үг давахгүй... Харамсаж ч чадахгүй, юу ч хийхээ мэдэхгүй...

Миний ээж бичээч Ц.Ганчимэг. Тэгэхдээ бүр арван хуруугаараа алдаагүй шивдэг, тэр ч бүү хэл тааруухан мэдээг ч аятайхан болгоод засчихдаг туршлагатай бичээч байсан.

Ээжийн минь аав, миний өвөө Д.Цэрэндорж МАХН-ын нөлөө бүхий гишүүн, Вьетнам улсад худалдааны төлөөлөгч, Элчин сайдаар ажиллаж байсан дипломатч, Улсын төв бараа баазын дарга хүртэл хийж явсан социализм, нам, эх орондоо үнэнчээр зүтгэсэн нэгэн байсан. Ийм зиндааны албан тушаалтай хүмүүсийн үр хүүхэд энэ цагт чинээлэг амьдарч, хүүхдүүд нь гадаадад сурдаг жишиг үлдсэн гэхэд хилсдэхгүй. Харин өвөө минь дэндүү шударга болохоор хүүхдүүдээ ажил хөдөлмөрт дуртай, энгийн даруу амьдраасай гэж хүсдэг байсан. Тиймдээ ч таван охин, нэг хүүгийнхээ хэнийг нь ч дээд сургуульд оруулалгүй “Хүн ямар ч ажлыг гололгүй сайн л хийх хэрэгтэй, ажлаа үнэнч шударгаар хийгээд л байвал энэ нийгэмд алзахгүй” гэж хүмүүжүүлсэн. Ганц хүүгээ хүртэл эмнэлгийн сувилагч болгосон юм даг. Гэсэн ч өвөөгийн итгэж үнэмшиж байсан социалист нийгэм удаан оршин тогтноогүй билээ.

1989 онд би дөнгөж есөн настай, манайх I хороололд амьдардаг байлаа. Ээж минь тэр үед “Техник импорт” хангамжийн нэгдэлд даргын нарийн бичиг хийдэг байв. Харин сэтгэл зовох асуудалгүй, гэртэйгээ ойрхон ажилтай, нам гүмхэн амьдарч байсан ээж минь аавтайгаа зөрчилдөн байж Ардчилсан хувьсгалыг дэмжиж, тэдний эгнээнд нэгдсэн. Ээж өглөө нь ажилдаа яваад орой нь Циркийн зүүн талд Д.Нэргүй докторын гэрт очиж тухайн үеийн ардчиллын анхдагч лидерүүдийн хэлэлцэж боловсруулсан бүх ухуулга, сурталчилгааны материал, төлөвлөгөө, бодлого чиглэлийн эхийг бичгийн машинаар цохиж бичдэг. Ингэж л журмын нөхдийн хамт ардчилсан нийгмийг авчирсан шигээ хүүгийнхээ амьдралын замыг нээж өгсөн юм. Үүний хүчинд би “Өнөөдөр” сониныхоо сайхан хамт олны дунд орж, ажил, амьдрал минь өөдрөг сайхан явна.

2014 оны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Ардчиллын ордонд “Монголын ардчилсан хувьсгалд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үзэсгэлэн нээгдсэн юм. Ажлаа хийж яваа жирийн нэгэн сурвалжлагчийн хувиар тэнд очоод ээжтэйгээ холбоотой олон баримтуудыг хараад сэтгэл ихэд хөдөлж, бас бахархаж билээ. Тэнд ээжийн МоАХ-ны гишүүний үнэмлэх, гэрэл зургууд, цалингийн цэс тавигдсан байв. МоАХ, МоАН санхүүгийн хувьд хөл дээрээ босож эхлээд анхныхаа цалинг өмнө нь ямар ч хөлс мөнгөгүйгээр сайн дураараа ажиллаж байсан 32 хүнд өгсний дотор миний ээж багтсаныг тэгэхэд л мэдсэн. Тэр үед С.Зориг 150 төгрөг, Ц.Элбэгдорж 750 төгрөг, Э.Бат-Үүл 800 төгрөг, миний ээж 650 төгрөгийн цалин авч байжээ.

Ээж минь надад нэг удаа “Хэрвээ би архи дарс уудаггүй, амьдралаа сайхан аваад явчихдаг хань ижилтэй байсан бол, бас өөрөө дээд сургууль төгссөн бол миний амьдрал шал өөр байх байсан. Журмын нөхдөөсөө ажил гуйгаад очих гэхээр боловсролгүйдээ, өмсөх олигтой ч хувцас байхгүйдээ санаа зовоод байх юм. Гэхдээ ээж нь аавыг чинь хэзээ ч хаяхгүй, хоёр хүүдээ хойт эцгийн бараа харуулахгүй” гэж ярьсныг бодох бүр зүрх өвдөж, сэтгэл эмтэрдэг юм.

Ардчилал надад юу өгсөн бэ гэж бодож үзлээ. Үг хэлэх эрх чөлөөтэй, ээжийнхээ зүтгэсэн үйл хэргийг дурсах боломжтой, зорьсноо бүтээж, санаснаа хийж яваа эрх чөлөө надад хямдхан олдоогүйг л ухаарч байна даа. Ингээд бодохоор ээж минь ардчиллын төлөө уйгагүй зүтгэсэн санагддаг юм. Орой тэр айлаас гарахдаа энд ярьсан хэлсэн, бичсэн зүйлээ бусдад хэлэхгүй гэсэн тангарагтайгаар гарын үсэг зураад харьдаг байж билээ. Харанхуй дунд араас нь хэн нэгэн дагаж байгаа, эсэхийг нягтлан түргэн түргэн алхаж явахдаа зүрхээ даран “Би зөв зүйл хийж байгаа” хэмээн өөрийгөө зоригжуулж явсан байх. Заримдаа ээжийгээ дагаж явдаг байсан надад тэр үйл явдлууд кино шиг санагддаг юм.

Сургуулийн жаахан хүү шөнө ээждээ бараа болон явахдаа ээжийгээ “Ардын элч” киноны Дарьбазарын эхнэр Ариунаа шиг, өөрийгөө тэдний хүү шиг баатарлаг үйлс бүтээж байгаагаар зүйрлэн боддог байлаа. Мөн өвөө минь тухайн үед “Наана чинь их айхавтар юм болох нь байна шүү. Арми, сэргийлэх, НАХЯ-ныхан хөдлөөд эхэлсэн шүү” гэж анхааруулж байсан болохоор хоёулаа их болгоомжтой явна аа. Ээж минь “Миний хүү, бид маш чухал үйл хэрэгт оролцож байна. Ирээдүй өөр болно” гээд л ярина.

Зураач Л.Хадбаатар 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээсэн уран бүтээлийн үзэсгэлэндээ миний ээж Ц.Ганчимэгийн дүрийг ийнхүү буулгажээ

Нийгэм өөрчлөгдөж байсан тухайн үед энэ үзэл баримтлалыг ойлгож дэмжих, сэтгэл нэгдсэн хүнтэй хамтрах, мөн ур чадвартай хүмүүсийг эгнээндээ нэгтгэх нь шинэ хөдөлгөөнийхөнд чухал байсан болов уу. Ээж минь бичгийн машин руугаа огт харалгүйгээр маш хурдан, алдаагүй бичдэг байсан болохоор Ардын уран зохиолч Б.Бааст, Т.Галсан, Төрийн соёрхолт Д.Төрбат нарын зохиолч итгэл хүлээлгэн номоо бичүүлдэг байсныг энд дурдъя.

Ардчилсан холбооны гишүүдийн хэлэх үг, хурал, цуглааны бэлтгэл ажилтай холбоотой олон материалыг “түргэн” цохиж бэлтгэх шаардлагатай байсан үед ээж минь нэг удаа бичээчийн мэргэжилтэй төрсөн дүү Ц.Ганцэцэгээ дагуулан Д.Нэргүй докторынд очсон байдаг юм. Энэ тухайгаа нагац эгч минь “1990 оны дөрөвдүгээр сарын 4-нд эгчийн төрсөн өдөр байсан болохоор би ажил тараад гэрт нь очлоо. Энэ үед эгчийн ажлын газрын Болд (“Техник импорт” хангамжийн нэгдэл дэх Ардчилсан холбооны ажилтан) гэдэг намхан шар залуу гэрт нь ирж Ардчилсан холбооны цаг үеийн ажил их байгаа учир авч явна гэв. Ингээд ажил ихтэй байсан учраас би хамжилцахаар дайчлагдаж Нэргүй докторынд очсон. Түүний эхнэр Гантөмөр гэдэг зан сайтай эгч биднийг хүлээн авав. Тэднийд С.Зориг гэдэг туранхай шар залуу байлаа. Нүд нь улайчихсан нэг л сонин санагдсан учир “Энэ хүн согтуу байгаа юм уу” гэж эгчээс асуухад “Яалаа гэж гурван шөнө унтаагүй ажиллаад л тэр” гэв. Тэр шөнө Нэргүй докторын гурван өрөө байрны том өрөөнд Ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн хурал болж, С.Зориг, “Буян”-гийн Б.Жаргалсайхан, Д.Дорлигжав, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Д.Баасан лам нарын нэлээд хэдэн хүн оролцсон. Тэр өдөр “Буян”-гийн Б.Жаргалсайхан урт цагаан ороолттой, ойрмогхон гадаад яваад ирсэн бо лолтой ярьж байсан. Бас такси баазын жолооч нэг залуу Нэргүй докторынд ирээд, “Би энэ савхин куртикээ зарж хандивлая” гэж С.Зоригт хэлж байсан. Тэгээд эгч бид хоёр нойргүй хонож, өглөө болтол хүмүүсийн хэлэх үг болон бусад материалыг бичгийн машинаар цохисон. Өглөө нь би ажилдаа явж, эгч Нэргүй докторынд үлдсэн” хэмээн дурсан ярьсан.

Ингэж л миний ээж Ц.Ганчимэг Монголын ардчилсан холбооны чухал баримт бичгүүдийг бичгийн машин дээр олон хоног сараар ганцаараа “цохиж”, нойр хоолоо хасаж явжээ. Энэ тухай Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулагч С.Зоригийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюунцэцэг “Ардчилал” сонин, assa.mn сайтад 2014 оны дөрөвдүгээр сарын 2-нд өгсөн ярилцлагадаа ийнхүү дурджээ. “Хүний эхнэр, хүүхдүүдийн ээж гэдгээ бараг л умартан, ажил амьдралаа золиослоод, ардчилсан хувьсгалын төлөө тэмцэж явсан цөөхөн хэдэн эмэгтэйгээ харж үзэх цаг нь болсон. Би энэ өдөр манай бичээчээр ажиллаж байсан Ц.Ганчимэгийгээ заавал дурсмаар байна. Миний гараар хөтөлсөн протокол бүртгэл гээд баахан бичиг цаасыг эмхэлж цэгцлээд хуруугаа эвэрштэл тоншсон хүн юм шүү. Энэ хүнийг заавал дурсаж, үр хүүхдэд нь анхаарал хандуулах хэрэгтэй” хэмээсэн байдаг.

Ээж минь өөрийгөө ийм ч юм хийсэн, тийм ч зүйл бүтээсэн гэж дөвийлгөн, нэр алдар хөөж явдаггүй хүн байлаа. Миний ээж эрч хүчтэй, хөгжилтэй, үргэлж инээд хүргэж, хошигнож байдаг сан. Ямар ч өвчин зовлон хэлдэггүй хүн нэг өдөр цөсний чулуу авхуулах хагалгаанд орж, эмчийн буруутай үйлдлээс болоод олон сар эмнэлгээр явсны эцэст 45 нас хүрээд 10 ч хонолгүй 2005 онд бурхны оронд одсон юм.

Амьдрал ахуйгаа арай ядан залгуулж явсан ээж минь нэг удаа сүрхий өвдөг сөхөрч билээ. Миний их сургуулийн төлбөр болох 265 мянган төгрөгийг төлөхийн тулд манайх хоёрхон өрөө байрныхаа нэг өрөөг түрээсэлж, дөрвөн жилийн турш хажуудаа айлтай амьдарсан. Халаасныхаа өрөөнд айл суулгахаар тав тухгүй, гэр бүлийн уур амьсгал онцгүй болдог юм билээ.

Ээж, аав хоёр ажилтай болохоор би эрт тусад орсон. Сургуульдаа явахдаа охин дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгнө, орой авна. Эхэндээ багш нар нь “Өөрөө хүүхэд юм байж хүүхэд авах гэлээ” гээд асуудал үүсгэнэ. Сүүлдээ тоохоо больсон.

Картын барааны үед дэлгүүрт тэр бараа нь байнга байдаггүй, хааяа ирэхэд нь бөөн оочер, “алалцаад” л дуусдаг байлаа. 10 гаруйхан настай хүүхэд өөрөөсөө том шуудай аваад очиход хүмүүс заримдаа өхөөрдөөд дарааллын урдуур оруулдагсан. Өвөл нь шуудайтай юмаа цас мөсөн дээр гулгуулаад чирээд явахад амар. Харин зундаа амаргүй, өртөөлөөд л зөөчихдөг байлаа.

Ээж минь их баярлаж “Миний жаахан хүү чинь тэнгэр баганадсан уул шиг ээждээ түшиг болж байна даа” гэж хэлж байсан нь миний амьдралдаа сонссон хамгийн сайхан урмын үг байж дээ.

Ардчилсан хувьсгалын далд фронтод хүчин зүтгэчихээд ээж минь хэнээс юу ч нэхээгүй. Байгуулалцсан нийгмийнхээ жирийн нэгэн эд, эс болон сэтгэл хангалуун, төлөв даруу амьдарч “Ардчилал”, “Монгол таймс”, “Өнөөдөр” сонинд ажиллахын зэрэгцээ Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийг дүүргэж, хэвлэл мэдээллийн салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж явсан юм.

Би 1997 онд их сургуулийн сэтгүүл зүйн ангид элсэн орсон цагаасаа “Өнөөдөр” сонинд дадлага хийж зураг, мэдээгээ нийтлүүлдэг байлаа. 2001 онд сургуулиа дүүргээд сониндоо ажилд орсон. “Өнөөдөр” сонинд орсон түүх маань хэцүү бөгөөд хариуцлагатай байлаа. Ээж надад “Би энэ сонинд чамгүй удаан хугацаанд ажиллалаа. Ц.Балдорж эрхлэгч маань маш мундаг сонин байгуулсан. Ямар ч нийгмийн үед нугарахааргүй хүчирхэг сонин байгаа юм. Миний хүү ийшээ ор. Би Гэрэл зургийн албаны дарга Р.Чулуун гуайтай ярилаа. Эрхлэгч ч дэмжиж байна. Ээж, хүү хоёр нэг газар ажиллах дэмий. Миний хүү алдаа гаргавал ээж нь өмөөрөхгүй байж чадахгүй” гээд л зөрөөд ажлаасаа гарч билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (44)