Ардчиллаа өдөр бүр тордох учиртайг сануулав

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн өдрүүд тохиож байна. Үүний хүрээнд өчигдөр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд зориулсан хурал зохион байгууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга хуралд оролцогчдод илгээлт хүргүүлснийг Тамгын газрынх нь дарга З.Энхболд энэ үеэр уншиж сонордуулав. Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхдөдөө Ерөнхийлөгч баярын мэнд хүргээд, “Шинэ нийгэм, тогтолцоог байгуулах амаргүй замаар алхсаар гурван арваныг үджээ. Алдаа бүхэн минь ухаарал, оноо болгон минь ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш, хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, үүрэг билээ. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны арванхоёрдугаар сарын 6-нд Орхон, 7-нд Ховд аймагт улс төрийн анхны жагсаал, цуглаан болж, орон даяар ардчилсан хөдөлгөөн өрнүүлсэн. Мөн сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ныхон анхны цуглаанаа хийж, олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарласан түүхэн үйл явдал байлаа. Үүний үр дүнд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ Үндсэн хуулиа баталсан билээ. Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын өмчийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлсэн нь нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүн гадаадад чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхагласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн ардчиллаа хамгаалахын тулд өдөр бүр тордон, сэргээж байх учиртайг сануулж, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулахад хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг дурджээ. Мөн хүн бүрт байгалийн баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлагатайг тодотгов.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)