Арго МУНН-д элсэх хүсэлт тавьжээ

Арго багш өнгөрсөн долоо хоногт ээлжит уран бүтээлээ УИХ-ын 76 гишүүнд зориулан гаргажээ. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ нэлээд хэдэн сарын өмнө зарласан юм. Гэвч мань эр хип хоп урлагт хүчин зүтгэх гээд байна уу, улс төрд орох гээд байна уу, бүр мэдэхээ болилоо.

Сүүлд гаргасан дуу нь тун боломжийн үгтэй юм билээ. 76 эрхэм нь олж сонссон уу, мэдэхгүй. Бага зэрэг дадлагажчихвал овоо хип хопчин болж, DZ man буюу олон улсын тоймч Дашзэвэг гуайг давах ч юм бил үү.

“Дуучин” багш бие даан нэр дэвшиж хараахан зүрхлэхгүй байгаа бололтой юм. Энд тэндхийн намын удирдлагатай уулзаж, “Намайг авчихаач” хэмээн гуйж яваа сурагтай. Нэлээд дээр, тэрбээр МАН-д хандаад тоймтой хариу аваагүй. Тэгвэл саяхан энэ эрхэм МУНН-ын дарга Д.Батболдтой уулзаж, намд нь элсэх хүсэлт тавьжээ.

Байгуулагдсан түүхээрээ бол хуучин ч түүхэндээ ганцхан удаа УИХ-д суудал авч үзсэн жижиг энэ намынхан харин татгалзаагүй бололтой. Өдөр судар харж байгаад гишүүний батлахаа авна гэснийг нь мань дарга өөрөө сошиалаар түгээсэн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)