Аргентины эдийн засагтай дүйх мөнгө “арчигдах” тооцоо гарчээ

АНУ, БНХАУ-ын худалдааны маргаан хурцадсантай холбоотойгоор дэлхийн эдийн засагт аюул нүүрлэж буйг шинжээчид, байгууллагууд анхааруулж буй тухай “Reuters” тэмдэглэв. Тухайлбал, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын зүгээс өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “Дэлхийн эдийн засагт аюул тулгарч байна” хэмээн мэдэгдсэнийг дээрх агентлаг эш татжээ. 

10 жилийн өмнө нүүрлэсэн, дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засаг сэргэж байсан бол дахин аюул учраад буй нь энэ. Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын худалдааны маргаан нь бөмбөрцгийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг 3.2 хувь болгон бууруулах гол шалтгаан байсныг дээрх байгууллага тэмдэглэсэн. Энэ нь сүүлийн гурван жил дэх хамгийн бага хувь болох юм. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хямрал нүүрлэхээс өмнө дээрх тоо таван хувь байснаас ч доогуур гэсэн үг. АНУ, БНХАУ бараа, бүтээгдэхүүний тарифыг бууруулах тохиролцоонд хүрсэн тохиолдолд л дэлхийн эдийн засаг ирэх жилүүдэд аажмаар өсөх таамаг бий аж. Худалдааны маргааныг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй хэвээр байвал дэлхийн эдийн засаг 2021-2022 онд 0.7 орчим хувиар агших тооцоог Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага гаргажээ. Энэ нь 600 орчим тэрбум ам.доллар гэсэн үг агаад Аргентин улсын эдийн засагтай дүйх хэмжээний мөнгө юм.

“Их 20”-ийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт ирэх зургадугаар сарын 28-29-нд Японд болно. Энэ үеэр АНУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар уулзах бөгөөд “Их 20”-ийн орнуудын бусад удирдагч худалдааны маргааныг эцэслээсэй хэмээн хүсэж буйгаа илэрхийлэх бололтой. Одоогоор энэхүү маргаан нь үйлдвэрлэгчдэд хамгийн ихээр нөлөөлж буй. Бараа, бүтээгдэхүүний хэрэглээ багасах нь ажлын байр цөөрөхөд хүргэж, инфляц нь буурах зэргээр хөгжингүй орнуудын эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн аж. Харин урт хугацаанд өөр олон нөлөө үзүүлэх нь тодорхойг шинжээчид дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “БНХАУ-тай хэлэлцээ байгуулбал зарим хэсэгт нь “Huawei” компанийн талаар оруулж магадгүй. Худалдааны дайн богино хугацаанд дуусах боломжтой” хэмээн өмнөх пүрэв гарагт мэдэгдсэнийг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгвэл энэ талаар “Edward Jones” компанийн хөрөнгө оруулалтын стратегич Кэйт Вэрн “Хоёр тал зөвшилцөлд хүрнэ гэж одоо хүртэл найдсаар байна. Гэхдээ энэ нь удааширч, нөхцөл байдал улам төвөгтэй болж байна шүү дээ” гэж ярьжээ.

АНУ-д өнгөрсөн сард удаан эдэлгээтэй барааны захиалга нь 2.1 хувиар багассан бол аж үйлдвэрлэлийнх нь хэмжээ агшсаныг ч “IHS Markit” саяхан мэдээлсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)