"Аравт" Олон улсын цэргийн уралдаант наадам үргэлжилж байна

ОХУ-ын Батлан хамгаааллын сайд С.Шойгугийн санаачлагаар 2015 онд анх зохион байгуулагдаж эхэлсэн Олон улсын цэргийн наадам энэ жил Монгол Улсад “Аравт" нэртэйгээр наймдугаар сарын 3-8-нд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байна. Энэ жил олон улсын цэргүүд тэмцээнийг даалгаврыг морьтой гүйцэтгэх юм.

Тус тэмцээний нэгдүгээр үед мориор ус гатлах, саад даван хоёр хоногийн турш 130 км зам туулж уралдана. Мөн морь бугуйлдах, уналагад бэлтгэх, сум, галт зэвсгээ морь ашиглан зөөх зэрэг даалгавар гүйцэтгэнэ. Энэ нь морийг цэрэг армид хэрэглэхээ больсон өнөө үед цэргийн алба хаагчдад сорил болох аж.

Харин тэмцээний дараагийн үед багууд 7.2 километрийн богино зайд уралдах бөгөөд замын талыг явган туулж, гранат шидэх, саадын зурвас туулах, буудлага зэргийг гүйцэтгэнэ.

Тэмцээнийг бэлтгэлийг хангахад Зэвсэгт хүчний 400 орчим цэргийн алба хаагч оролцож байна. Мөн тэмцээний үеэр тамирчдын эрүүл мэндийг 24 цагаар хянах болон мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна.Түүнчлэн тэмцээнд ямар нэг маргаантай асуудлыг гаргуулахгүйн тулд цэг бүрд камер суурилуулжээ.

Уралдаанд Бүгд найрамдах Казакстан Улс, Бүгд найрамдах Киргиз Улс , ОХУ болон Монгол Улсын цэргийн алба хаагчид үндсэн оролцогчдоор, БНХАУ, АНУ, Вьетнам зэрэг улсаас ажиглагчаар оролцож байна.

"Орчин цагт морин цэрэг гэдэг нэр, төрөл хэрэглэгдэхгүй болсон. Тиймээс бид цэргийнхээ уламжлалыг дагаж Аравт морин цэргийн уралдаан гэж нэрлэсэн тухай Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар мэдэгдсэн. Мөн Монголд зохион байгуулах нь их ач холбогдолтой гэж үзэж буй юм.

Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов "Тамирчид маань Монгол Улсад ирээд соёл, газарзүйн онцлогтой нь сайтар танилцсан. Мөн зохион байгуулагч тал асар их бэлтгэл хийж, биднийг ирснээс хойш соёл, хүмүүжлийн олон арга хэмжээ зохиолоо. Ингэснээр багууд илүү найрсаг, дулаан уур амьсгалтай болж байна" гэлээ.

Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев анх удаа зохион байгуулагдаж буй морин цэргийн тэмцээнд оролцож буйдаа талархаж байгаагаа илэрхийлээд “Тэмцээнд зөвхөн монгол морь ашиглах ёстой иймээс бид долдугаар сарын 19-нд ирж морьдтойгоо харьцаж, бэлтгэл хийлээ. Энэхүү тэмцээн цаашид ч хүрээгээ тэлэх байх гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)