Арабын Нэгдсэн Эмират Улс Английн иргэнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ

Арабын нэгдсэн Эмиратын шүүх Английн иргэн Мэтью Хежесийг тус улсын эсрэг тангуулын үйл ажиллагаа явуулсан хэмээн буруутгаж бүх насаар нь хорих ял оноожээ.  Даремийн Их сургуулийн аспирант 31 настай Мэтью Хежес тулгаж буй хэргийг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийгөө Эмиратад эрдмийн ажил хийхээр ирсэн гэж байгаа аж.

Тус шүүхийн шийдвэр Хежесийн өөрийгөө гүтгэсэн мэдүүлгийг үндэслэж гаргасан хэмээн түүний гэр бүл үзэж байгаа аж.   

Британы тал энэ асуудлаар Эмиратын эрх баригчидтай яаралтай уулзах арга замыг хайж байгаа талаар Ерөнхий сайд Тереза Мэй мэдэгдсэн байна. Их Британийн Гадаад хэргийн Сайд Ж.Хант  Абу-Дабигийн шүүхийн шийдвэрт гайхширч бас урам хугарч байгаагаа илэрхийлээд Арабын Нэгдсэн Эмират Улсын Гадаад хэргийн сайдтай холбогдож ярилцсан тухайгаа “Энэ шийдвэр бол бидний итгэл хүлээсэн найзын зүгээс гарах зүйл огт биш” хэмээн дүгнэжээ.

Мэтью Хежесийн ойр дотныхны гаргасан мэдэгдэлд түүнийг баривчилснаас хойш зургаан долоон хоногийн турш Хежесийг өмгөөлөгчгүйгээр байцаахаас гадна  түүний мэддэггүй араб хэл дээр бичсэн бичиг баримтан дээр гарын үсэг албадан зуруулсан байна гэжээ. “Матью арабаар уншдаг ч үгүй, ярьдаг ч үгүй” гэж тэрхүү мэдэгдэлд бичсэн байна.

Абу-Дабид гардаг “National” сонинд бичснээр бол бүх насаар нь хорих ял  дээд таал нь  25 жил байдаг бөгөөд эл хугацаа дуусгавар болсны дараа Хежесийг тус улсаас албадан гаргах аж. Үүнээс гадна Мэтью Хежес тус улсы хуулийн дагуу шүүхийн бүх зардлыг төлөх ёстой гэнэ.  Хежес шүүхийн шийдвэрийг давж заалдахад 30 хоног байгаа аж.

Харин “BBC” агентлагийн мэдээлснээр бол Хежесийн биеийн болон сэтгэл зүйн байдал маш хүнд байгаа аж. Түүнийг ганцаарчилсан өрөөнд хорих үед олон төрлийн эм хүчээр уулгасны улмас эрүүл мэндэд нь том хохирол учруулсан тухай Хежесийн гэр бүлийн хүн тус агентлагт өгсөн ярилцлагдаа дурьдсан байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)