АН: 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэж байна

УИХ дахь АН-ынхан өчигдөр хуралдаж, тэтгэврийн зээлийг тэглэх, эсэх талаар байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар гишүүн Д.Эрдэнэбат, З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Гишүүн Д.Эрдэнэбат “ҮАБЗ бүрэн эрхийнхээ хэмжээнд зөвлөмж гаргасан байна. Үүнийг иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн улс төрийн санаачилга гэж АН үзэж байна. Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр АН монгол хүн бүрийг нэг удаа өрийн дарамтаас чөлөөлөх агуулга бүхий захидлыг түүнд илгээж байсан. Үүний хүрээнд Төрийн тэргүүний гаргасан улс төрийн санаачилгыг ҮАБЗ хүлээж авсан гэж бид ойлгож буй.

Монгол Улсын иргэн бүр өрийн дарамтгүй амьдрах ёстой. Энэ нь тулгамдсан асуудлуудын нэг учраас иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай санаачилгыг АН гаргасан” гээд тэтгэврийн зээлийг тэглэх санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Гэхдээ иргэдээ ялгаварлалгүйгээр дээрх бодлогыг хэрэгжүүлэх талаар тэд УИХ дахь МАН-ын бүлэг, Засгийн газарт шаардлага хүргүүлэх гэнэ. Энэ тухайд тэрбээр “Тэтгэврийн зээлийг тэглэх эх үүсвэрийг байгалийн баялгаас олсон ашгаас бий болгохоор төлөвлөж буй. Ингэхдээ Үндсэн хуульд заасан тэгш эрх, шударга ёсны зарчмыг баримтлах зайлшгүй шаардлагатай. Сонгуулийн шоу болгож, эдийн засгаа баллах ёсгүй. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигч Х.Баттулгад АН-аас илгээсэн захидалд тэтгэвэр, цалин, оюутны сургалтын төлбөрийн зээлээс чөлөөлөх тухай хөндсөн. Одоо нийгмийг талцуулж болохгүй. Зөвхөн Салхитын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ярих учиргүй. Бид эрх зүйн орчноо шинэчилж, стратегийн ордуудад түшиглэн төрийн нийтийн үйлчилгээний компани байгуулах нь зүйтэй. ҮАБЗ-ийн шийдвэр ч үүнийг хэрэгжүүлэх эхний алхам болж буй гэж харж байгаа. Үүнийгээ хуулийн төсөл болгон УИХ-д өргөн барих ёстой. Улмаар 2020 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсэж байна. Газрын хэвлийн баялгийг иргэдэд хүртээхдээ Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, эл асуудлыг цаашид илүү өргөн хүрээнд харж, зөвхөн тэтгэврийн зээл бус, нийт иргэнийхээ өрийг стратегийн ордуудын үр өгөөжөөс барагдуулахад чиглэх учиртай. Тиймээс З.Нарантуяа нарын гишүүн Төрийн нийтийн зориулалттай өмчийг иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ашиглуулах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барина” гэв.

Гишүүн З.Нарантуяа “Тэтгэврийн зээлийг тэглэхдээ мэргэжлийн үүднээс хандах шаардлагатай. Стратегийн гэх тодотголтой 16 ордын тоог нэмэх тухай бид ярьдаг. Гэтэл бид газрын баялгаа хэнд, ямар зарчмаар ашиглуулж байгаагаа мэдэхгүйгээр өнөөг хүрсэн. Тиймээс тусгайлан нэг ордод анхаарал хандуулахаас илүүтэй холбогдох бүх асуудлыг цогцоор нь авч үзэхэд Засгийн газар анхаарах хэрэгтэй. Стратегийн ордуудаа хэрхэн, яаж ашиглах зарчмаа эхлээд тодорхойлохын тулд төрийн, нийтийн зориулалттайгаар иргэн, аж ахуйн нэгжид ашиглуулах, эзэмшүүлэх бол ямар бодлого баримтлахаа тодорхой болгох ёстой. Би үүнтэй холбоотой хуулийн төслийг боловсруулаад хоёр жил гаруй болж байна. Зөвхөн нэг ордыг эргэлтэд оруулж, бонд босгох замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ гэж онцгойлон авч үзэх нь үүсээд буй асуудлыг төгс шийдэж чадахгүй. Энэ нь харин ч нийгмийн нэг хэсгийг ялгаварлаж байгаа хэрэг болно. 

Бүх иргэнээ зээлийн дарамтгүй, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгоё гэвэл Салхитаас гадна “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр” зэрэг аж ахуйн нэгжийн, иргэдэд эзэмшүүлж болох бүх хувьцааг нь УИХ-ын тогтоолоор ард түмэндээ өгөх нь хамгийн зөв. Орд бүхэн өөрийн онцлог, нөөцтэй. Хэдэн хувийг нь иргэдэд эзэмшүүлэх вэ гэдэг үндсэн зарчмаа хуулиар тогтоож, иргэдийн хувьцааны ногдол ашгийг нь жил бүр олгодог байхыг уг хуулиар баталгаажуулахыг зорьж байна. Ингэснээр зээлтэй, зээлгүй гэж ялгаварлагдахгүй, Монголын бүх иргэн хувьцааны ногдол ашгаас тогтвортой орлоготой болно. Ингэж байж өрхийн орлогыг бодитойгоор дэмжинэ” гээд хуулийн төслөө УИХ-д удахгүй өргөн барихаа мэдэгдэв. Мөн тэрбээр Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхантай хамтраад боловсруулаад буй аж. Үүнийгээ ч ойрын үед өргөн барих аж.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)