АН ялсан ч Ардын намын дарга “томилно”

...Хэрэв орон нутгийн сонгуулиар МАН олонх болбол намын дарга, Ерөнхий сайд нь хоолойгоо засаж, харцаа ширүүлэх төдийд толгой гудайлгах болсон тэд саналыг нь сонсохгүй, хэлснээс нь зөрнө гэдэг үлгэр биз. Өнөөгийн эрх баригчдаас өөр хүчин илүүрхвэл аанай л Ерөнхий сайдын тулгалт эрчимжих нь ойлгомжтой...

Ерөнхий сайдын саналаас эс хамааран улстөрждөг, Засгийн газрын тэргүүний үл үзэгдэх гар заавал оролцдог ажил бол аймаг, нийслэлийн Засаг даргын томилгоо. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргаж болохоор тусгаснаа эргэж харвал яасан юм бэ, эрх баригчид аа.

Одоогийн хуулиар баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн Иргэдийн нийтийн хурал (ИНХ)-д оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад ИТХ дахь нам, эвслийн бүлэг, эсвэл төлөөлөгч нь нэр дэвшүүлэн, олонхын санал авсан хүнийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд нь санал болгож байгаа. Улмаар аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүрэг, баг, хорооныхыг дээд шатны Засаг дарга нь томилдог. ИНХ, ИТХ-аас санал болгосон нэр дэвшигчийг дээд шатны Засаг дарга болон Ерөнхий сайд Засаг даргаар томилохоос татгалзах ч эрхтэй. Тэгвэл одоо хэнийг Засаг даргаар томилмоор байгаагаа Ерөнхий сайд болон дээд шатны Засаг дарга нь ил тод илэрхийлэх эрхийг нь хуульчлах гэж байгаа юм. Ерөнхийдөө Ерөнхий сайд бүгдийг атгах гэж буй хэрэг. Хоёр сар орчмын дараа болох орон нутгийн сонгуулиар АН болон бусад нь илүүрхлээ ч Ардын намын дарга У.Хүрэлсүх Засаг дарга нарыг нь “томилно” гэсэн үг.

Засаг дарга гэж хэн бэ. Хуулийн бус, өдгөө манайд хэдийн тогтсон ойлголтоор хэлбэл, тэр хүн ирэх сонгуулиар УИХ-ын гишүүн болох магадлал тун өндөр. Жишээ нь, Засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон 14 эрхэм өнөөгийн парламентад байна. Төрийн эрх барих дээд байгууллагын өмнөх бүрэлдэхүүнүүдээс ч ийм дүр зураг харж болно. Ер нь Засаг дарга бол тухайн орон нутагтаа хамгийн том албан тушаалтан, ёстой л “бүх юмны дарга”. Тиймээс ч Засаг даргын суудалд олон хүн шунадаг. Халаасандаа байлгаж, харцаараа хөдөлгөхийн тулд хэнийг томилох вэ гэдэг “ажиллагаа”-г хамгийн дээрээс буюу Ерөнхий сайдаас удирдан зохион байгуулдаг. Аймаг, нийслэлийн Засаг даргыг “атгачихсан” байхад доод шатныхыг нь хөдөлгөхөд хэцүү биш.

Жишээ нь, 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сүхбаатар аймгийн Засаг даргаар З.Энхтөрийг батламжилсан. Гэтэл Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэж нэр бүхий иргэд Цэцэд хандсанаар баахан маргаан дэгдсэн юм. Тухайн үед тус аймгийн ИТХ-ын 33 суудлыг МАН 17, АН 16 төлөөлөгчтэйгөөр хуваан авсан бөгөөд ганц хүнээр ч болов илүүрхсэн Ардын намынхан З.Энхтөрийг нэр дэвшүүлж, анхдугаар хуралдаанаараа Засаг даргаар үтэр түргэн томилчихов. Гэвч тэр үед МАН-ынхныг олонх гэж хэлэхэд хүргэсэн нэг суудал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан юм. Өөрөөр хэлбэл, сонгуулийн явцад холбогдох хууль, тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр Сонгуулийн хорооноос нь МАН-ын нэг төлөөлөгчийг нэр дэвшигчийн жагсаалтаас хасахаас урьтаж, Ардын намын 17 төлөөлөгч гар өргөн Засаг даргаа томилсон хэрэг. Улмаар АН-ынхан уг томилгоог эсэргүүцэж, анхдугаар хуралдаан хууль бус гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Ийнхүү шүүхийн бүх шатаар дамжиж, даамжирсан энэ маргааны зэрэгцээ Засаг даргаар ажиллах хуулийн шаардлага хангаагүй З.Энхтөр гэж хүнийг батламжилсан гэх үндэслэлээр Ерөнхий сайд Үндсэн хуулийн цэцэд дуудагдсан түүхтэй. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2 дахь заалтыг зөрчиж, төрийн албанд гурваас доошгүй жил ажиллаагүй З.Энхтөрийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засаг даргаар батламжилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэж нэр бүхий иргэд мэдээлэл гаргасан удаатай. Энэ нь тухайн үеийн Ерөнхий сайдын хувьд Засаг даргыг батламжилсныхаа төлөө Цэцэд дуудагдсан анхны тохиолдол биш байв. Тэрбээр Увс аймгийн Засаг даргаар Д.Батсайханыг батламжилсан нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг мөн Цэц хэлэлцсэн юм. Авлига, албан тушаалын хэргээр шийтгүүлж, төрийн албан тушаал эрхлэх эрхээ хоёр жил хасуулсан түүнийг Засаг даргаар батламжилсан нь Засгийн газрын тэргүүнийг Цэцэд дуудахад хүргэсэн юм даг. Тодруулбал, Д.Батсайханыг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад Засаг даргаар томилсон нь мөн хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэлийг мэдээлэл гаргасан иргэд хэлж байлаа. Ийнхүү Цэц хуралдах сургаар шүүхээс Д.Батсайханыг хугацаанаас нь өмнө ялгүйд тооцсон шийдвэр гаргаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Увс аймгийн Засаг даргыг томилсон шийдвэрээ хүчингүй болгож байв. Улмаар Ерөнхий сайд захирамжаа хүчингүй болгож, маргаан үүсгэх нөхцөл байдлыг арилгасан тул Цэц маргаан хянан хэлэлцэх ажиллагаанаас татгалзсан билээ.

Ийнхүү аль өмнө нь гаргасан шийдвэрээ түүний зөв, эсэхийг дэнслэх хуралдаанаас ердөө хэдхэн хоногийн өмнө хүчингүй болгож, хууль зөрчсөнөө залруулах “ажиллагаа”-г ганц Ж.Эрдэнэбат хийсэн ч юм биш. Хөвсгөл, Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийн захирамжууд мөн л Цэцэд “очиж” байсан бөгөөд хуралдаан болохоос нэг хоногийн өмнө дээрхийн адил хүчингүй болгож байлаа. Тэрбээр 2012 оны сонгуулийн дараа Дорнод аймгийн Засаг даргаар М.Бадамсүрэнг батламжлахаас хэдэнтээ татгалзаж, гүрийсэн. УИХ-ын сонгуулиар АН олонх болсон ч орон нутагт МАН илүүрхсэн дээрх аймгуудын Засаг даргын томилгоог илт улстөржүүлж, батламжлахаас зайлсхийсэн нь тэр. Ийм жишиг Н.Алтанхуяг гүйцэтгэх засаглалын тэргүүн болохоос өмнө давтагдаж л байсан. Энэ бол АН, МАН гэлтгүй, аль нь эрх барьж байна, тэр нам, хүчний удирдлага, Ерөнхий сайдын түвшинд аймаг, нийслэлийн Засаг даргаар хэнийг томилох вэ гэдгээ урьдчилан тохирч, нэрийг нь зоож ирснийг батлах цөөн хэдэн тохиолдол.

Гэтэл үүнийг өөгшүүлэх мэт аймаг, нийслэлийн Засаг даргаар томилуулах гэж хэн нэгнийг санал болгох эрхийг Ерөнхий сайдад өгөх нь. Ардын намынхан “Ерөнхий сайд Засаг даргад нэр дэвшүүлэх санал гаргаж болно” гэж тусгасан учраас санал гаргахгүй байж ч болно гэсэн үг. Ерөнхий сайд санал гаргалаа ч ИТХ түүнийг нь заавал дагана гэсэн үг биш. Засгийн газрын тэргүүний санал оновчгүй, нэр дэвшүүлсэн хүн нь таалагдахгүй бол хэлэлцэхгүй ч байж болно шүү дээ” гэж тайлбарлах нь үүнийг эсэргүүцэж буй сөрөг хүчин, иргэд, олон нийтийг хуурч, төөрөгдүүлэх гэсэн ядмаг арга гэлтэй. Хэрэв орон нутгийн сонгуулиар МАН олонх болбол намын дарга, Ерөнхий сайд нь хоолойгоо засаж, харцаа ширүүлэх төдийд толгой гудайлгах болсон тэд саналыг нь сонсохгүй, хэлснээс нь зөрнө гэдэг үлгэр биз. Өнөөгийн эрх баригчдаас өөр хүчин илүүрхвэл аанай л Ерөнхий сайдын тулгалт эрчимжих нь ойлгомжтой. Саналыг нь хүлээж авалгүй, Засаг даргад нэр дэвшүүлсэн хүнийг нь батламжлалгүй буцааж, баахан маргаан дэгдээн, эцэст нь хууль, шүүхдээ тулж, цаг алдана.

Тухайн орон нутгийн иргэдийн сонгож байгуулсан төлөөллийн байгууллага болох ИТХ-ын Засаг даргаа томилох эрхэд халдах хэрэг юун. Энэ тохиолдолд ард түмний сонгох, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн үйл хэрэгт оролцох эрхээс нь булаацалдаж буйгаас ялгаа алга. Хэдийгээр аливаа Засаг дарга нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх, энэ л засаглалын хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой ч орон нутгийн удирдлагыг эл албан тушаалтан дангаар төлөөлдөггүй. Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гээд нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг, хороонд ИНХ байхаар хуульчилсан. Харин 60 дугаар зүйлд нь “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” хэмээн заасан байдаг. Хэдийгээр Засаг дарга болон ИТХ хоорондын эрх, чиг үүргийн харилцаанд асуудал, гажуудал бий болсныг үгүйсгэх аргагүй ч шийдэл нь энэ биш байлтай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)