АН-ын шаардлагаас авах санал байгаа юм биш үү

УИХ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг ирэх сарын 14-нд эхлүүлэх нь. Арваннэгдүгээр сарын 15 гэхэд ирэх оны улсын төсвийг батлах ёстой тул үүний дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг рүү ханцуй шамлан орох бололтой. Гуравдугаар хэлэлцүүлэг эхлэх хүртэл уг төслийн талаар гишүүд иргэдэд мэдээлж, тайлбарлан таниулах үүрэгтэй. Мөн эрх баригчид эл асуудлын хүрээнд АН-ынхантай зөвшилцөхийг хичээнэ.

Үнэндээ үнэмлэхүй олонхыг бүрдүүлж буй МАН-ынхан сөрөг хүчнийхэнтэй заавал зөвшилцөх албагүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн заалт нэг бүр, цаашлаад бүхлээр нь батлахад шаардлагатай 57 гишүүний саналыг эрх баригчид дангаараа бүрдүүлчих учиртай, уг нь. Гэвч 64 суудалтай Ардын намынхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүч түрэн дангаараа баталлаа, цөөнхийн саналыг сонссонгүй гэх шүүмжлэлээс ангид байхыг хүсэж буй.

Цаашлаад бараг 30 жилийн нүүр үзэж буй Үндсэн хуульд хоёр дахиа оруулах гэж буй нэмэлт, өөрчлөлтийн хүлээн зөвшөөрөгдөх чанарыг бодолцсон нь лав. Харамсалтай нь, хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баталж, ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн тогтоолд тавьсан хоригийг хүлээн авснаас хойш хуралдсан зөвшилцөх ажлын хэсгийнхэнд санал нэгдсэн зүйл алга. Зөвшилцлийн ажлын хэсгийнхний хуралдааны явц, байдлын талаар мэдээлэл сонсож, танилцсан эрх баригчдын байр суурь ч эмхрээгүй байна, одоогоор. Тиймээс ч МАН-ынхан “Ямартай ч гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлье. Тэр хооронд зөвшилцлөө үргэлжлүүлье” хэмээн тов тогтоогоод буй нь энэ.

АН-ын зүгээс тодорхой гурван санал тавьж байгаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломж олгохтой холбоотой зохицуулалтыг Үндсэн хуульд тусгахыг шаардаж байгаа юм. Хэдийгээр эрх баригчид байр сууриа албан ёсоор нэгтгээгүй ч дээрх гурван саналаас хүлээж авахдаа тулбал Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломж олгохтой холбоотой зохицуулалтыг дэмжсэн нь дээр гэх хандлага үл ялиг давамгайлж буй сурагтай. Гэхдээ хэрэгжүүлэх хугацааг нь хойшлуулж, 2024 оноос мөрдөх талаар ярилцсан байна.

Уг нь Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх боломж олгохтой холбоотой зохицуулалт Д.Лүндээжанцан нарын гишүүдийн өргөн барьсан төсөлд байсан. Засгийн газрыг бүрдүүлж, сайд нарыг томилох, чөлөөлөх, огцруулахад УИХ өргөн эрх мэдэлтэй оролцож байгаа нь түүний танхимаар ажиллах зарчмыг алдагдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хүн бараг үгүй биз. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлсэн шиг бүрдүүлж, хариуцлагаа хүлээсэн шиг хүлээх нөхцөлийг хангах ёстойг олон хүн хэлж ирсэн. Тиймээс ч Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх, эл асуудлаар Төрийн тэргүүнтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол парламентад өөрөө өргөн мэдүүлэх, Засгийн газрын тэргүүн нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар танхимын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар гишүүдийн санаачилсан төсөлд тусгаад байсан юм.

1992-2000 онд буюу “дордуулсан” гэх тодотголтой нэмэлт, өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулахаас өмнө Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналыг бие даан гаргах эрхгүй байв. Өөрөөр хэлбэл, заавал Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, дараа нь УИХ-аар шийдвэрлүүлж байсан юм. Тухайлбал, 1998 оны дөрөвдүгээр сард Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар томилогдоод, Батлан хамгаалахын болон Боловсролын сайдад нэр дэвшүүлсэн хүмүүсийг нь Ерөнхийлөгч, УИХ дэмжээгүй тул Ерөнхий сайд дахин өөр хувилбар дэвшүүлсэн түүхтэй. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үйлдвэр, хөдөө аж, ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилуулах гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн саналаас татгалзаж байсан удаатай. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч танхимынхаа бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулж, зөвшилцөхөд Төрийн тэргүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг дэмжээгүй. Гэсэн хэдий ч Ч.Хүрэлбаатарыг танхимаасаа хасалгүйгээр УИХ-д санал болгосноор сайдаар томилсон. Энэ бол “дордуулсан долоо”-г баталсны өмнө ба дараах ялгаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын санал болгосон танхимын бүрэлдэхүүнийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, зөвшөөрүүлж байж УИХ-д оруулдаг байсныг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр үгүй хийсэн. Гэвч Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг томилох, эсвэл огцруулах шийдвэрийг бие даан гаргах бүрэн эрхгүй бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх, УИХ-аар зөвшөөрүүлэх шаардлага хэвээр буй. Өдгөө УИХ сайдад нэр дэвшигч бүрийг хэлэлцэж, илээр санал хураан, ердийн олонхын саналаар шийдвэрлэдэг, бас татгалзаж болно. Нэр дэвшигч олонхын дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхий сайд долоо хоногийн дотор өөр хүнийг санал болгох ёстой. Энэ бол УИХ Ерөнхий сайдыг томилоод зогсохгүй түүний Засгийн газарт хэн сайдаар ажиллах вэ гэдгийг нэг бүрчлэн хэлэлцэж шийдвэрлэж байгаа хэрэг. Мөн Ерөнхий сайд аль нэг сайдыг бие даан огцруулах эрхгүй, заавал УИХ-аар зөвшөөрүүлэх шаардлагатай. Эдгээр нь Ерөнхий сайд болон сайдыг УИХ-аас хэт хараат болгож, бодлого, хөтөлбөрөө үр нөлөөтэй хэрэгжүүлэх багаа бүрдүүлэх боломжийг Ерөнхий сайдаас булаадаг. Улмаар УИХ Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хянаж, зарчмын шаардлага тавихаас илүүтэй сайдаар томилсныхоо шанг нэхэж, шантаажилж байгааг хэн хүнгүй ярьж ирсэн.

Харамсалтай нь, Засгийн газрын тэргүүн нь УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар танхимын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байх санал хэлэлцүүлгийн явцад хасагдсан. Нийт гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйнх нь саналыг авч чадаагүй унасныг бодоход эрх баригч намынхан энэ асуудалд нэгдсэн байр суурь илэрхийлж чадаагүй хэрэг. Танхимын сайдаа томилох, чөлөөлөх, огцруулах шийдвэрийг Ерөнхий сайд бие даан гаргадаг болбол түүний дур зоргыг хязгаарлахад бэрх гэж зүрхшээж буйгаа зарим гишүүн илэрхийлж байсан. Уг нь Ерөнхий сайдын үйл ажиллагааг хянах, даруулгатай байлгах зохицуулалтыг ч цогцоор нь тусгаад байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэх тухай санал гишүүдийн төсөлд байсныг онцолъё. УИХ-ын нийт гишүүний олонх уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай шийдвэрийг нэгэн зэрэг гаргана гэсэн үг. Өдгөө 19 гишүүн гарын үсгээ зурж санал гаргасан бол Ерөнхий сайдыг огцруулах, эсэхийг УИХ хэлэлцэн шийдвэрлэж байгаа. Мөн л Засгийн газар, түүний тэргүүний үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэхээс илүүтэй ялих шалихгүй зүйлээр шалтаг хийн улстөржиж, нам, бүлэглэлийн эрх ашгийн үүднээс Ерөнхий сайд, сайдыг нь намнаж байгааг үгүйсгэх хүн гарахгүй л болов уу. Нэг Ерөнхий сайд буулгачихаад, дараагийн хүний эрэлд гарч, болзол, дэнчин тавьж, наймаалцдаг нь ч нууц биш. Тиймээс өөртөө нэлээд эрх мэдэл төвлөрүүлэх Ерөнхий сайд, түүнд хяналт тавих УИХ хоёрын аль алиныг даруулгатай байлгахын тулд дээрх заалтыг оруулж ирсэн ч бас л алга, унагачихсан.

Засгийн газрыг байгуулахад парламент нь Ерөнхий сайд, түүний танхимд итгэсэн байхыг шаардаж, бүрэлдэхүүнээ томилох эрхийг тэргүүнд нь үлдээх жишиг түгээмэл байдгийг судлаачид хэлж ирсэн. Парламентын болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай Герман, Финланд, Швед, Япон, Испани, Унгар, Эстон зэрэг улсад парламент нь зөвхөн Ерөнхий сайдыг сонгох, эсэхийг шийдэж, томилогдсон хүн нь хэнийг танхимдаа сайдаар томилуулах вэ гэдгийг хууль тогтоогчдоос асуулгүйгээр шийдвэрлэдгийг өнгөрсөн хавар, зун өрнөсөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр хангалттай ярьсан. Мөн парламентын болон хагас Ерөнхийлөгчийн засаглалтай ихэнх улсад Ерөнхий сайд танхимынхаа сайдыг томилоод зогсохгүй огцруулах эрхтэй байхаар хуульчилсан байдаг аж.

Тиймээс нэгэнт зөвшилцөхийг зорьж, гуравдугаар хэлэлцүүлгийг эхлүүлэхийг зорьж байгаа бол АН-ын тавьж буй тодорхой шаардлагаас дээрх саналыг харгалзаж, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм биш үү. Ингэхдээ нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлэх байдлаар тусгаад байсан цогц зохицуулалтыг хамтад нь дэмжиж баталбал аштай юу.

...Засгийн газар, түүний тэргүүний үйл ажиллагааг

бодитой үнэлж, дүгнэхээс

илүүтэй ялих шалихгүй зүйлээр шалтаг хийн улстөржиж, нам, бүлэглэлийн эрх ашгийн үүд

нээс Ерөнхий сайд, сайдыг нь намнаж байгааг үгүйсгэх хүн

гарахгүй л болов уу...


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)