АН-ын даргын сонгууль ирэх сарын 16-нд болно

Ардчилсан намын X их хурлыг ирэх сарын 23-нд товложээ. Тус намын дарга асан С.Эрдэнэ “Шинэ парламент бүтэц, бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ сонгуулийн үр дүнтэй холбоотой маргаан дуусаагүй. Энэ удаагийн сонгуулиар хууль зөрчсөн, эсэхийг тогтоолгохоор улс төрийн намууд хамтран ажиллаж байгаа. Ардчилсан нам хариуцлагатай хүчний хувьд нийгэм, улс төрийн тогтвортой байдлыг бий болгохын тулд аливаа асуудалд хүндэтгэлтэй ханддаг, үндсэн дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн хүчин. Тиймээс дүрмийн бус аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Үндсэн дүрмийн 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулахаар боллоо. АН-д хамааралгүй хүмүүс дүрмийн бус үйлдэл хийж, намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцон, удирдлагыг нь гартаа авахаар санаархаж байна. Тэдэнд хатуу сануулж хэлэхэд тийм боломж байхгүй” хэмээв. Дээрх хуралдаанаар Ардчилсан намын гишүүдийн олонхын саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах болон бусад асуудлыг хэлэлцэх аж.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын даргад нэрээ дэвшүүлэх хүмүүсийг долдугаар сарын 6-9-нд бүртгэнэ. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-нд намын даргын сонгуулийн сурталчилгаа болно. Харин санал хураалт нь наймдугаар сарын 16-нд зохион байгуулагдана. Тус сонгуульд Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн оролцож, саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна” хэмээв. Ташрамд дурдахад, одоогоор тус намын даргын сонгуульд өрсөлдөхөө УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар илэрхийлээд буй.

Үүний дараа АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдээлэл хийлээ. Тэрбээр “Намынхаа ялагдлын таван шалтгааныг нэрлэж байна. Нэгдүгээрт, намын удирдлага, үүрэг оролцооны байдал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд С.Эрдэнэ дарга хамгийн муу рейтингтэй улстөрчдийн эгнээнд багтаж ирсэн. Мөн хэлсэн үг нь ардчилсан үзлийн эсрэг агуулгатай байсан нь өнөөдрийн ялагдлын гол шалтгаан. Хоёрдугаарт, манай намынхан эвлэлдэн нэгдэх бус, хагарч бутарсантай холбоотой. Манай гишүүд ШИНЭН, Гэр хорооллын хөгжлийн, АТОЗ зэрэг намд хуваагдсан. Тиймээс намын гишүүдээ нэгтгэх бус, талцахад нөлөөлсөн АН-ын удирдлага, түүний цаана буй хэсэг бүлэг хүний явцуу зорилгын дүнд ийн ялагдал хүлээлээ. Гуравдугаарт, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал. 2016 онд МАН-ынхан 60 тэрбум төгрөгөөр төрийн эрх мэдлийг авах үйлдэл хийсэн. Яг үүнтэй адил үйлдлийг С.Эрдэнэ болон хэсэг бүлэг нөхөд санаачилж, АН-даа хэрэгжүүлж эхлэв. 2019 оны арванхоёрдугаар сард энэ хууль бус үйлдлийг манай намын шударга залуус эсэргүүцсэн. 100 сая төгрөгийн схемийг зогсооё гэсэн байр сууриа Үндэсний бодлогын хорооны гишүүд удирдлагадаа илэрхийлсэн. Дөрөвдүгээрт, өнгөрсөн дөрвөн жилд манай нам сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадаагүй. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, чөлөөт эдийн засгийг дэмжих ёстой байтал үүний төлөө ажиллаагүй. Эрүүдэн шүүсэн асуудлыг хөндөх үед С.Эрдэнэ дарга “Энэ бол байдаг зүйл” гэж хэлж байсан шүү дээ. Тавдугаарт, сөрөг хүчний намууд сонгуулийн тогтолцоо, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход анхаарч ажиллах ёстой байсан ч үүнийгээ хийгээгүй” хэмээв.

Энэ удаагийн АН-ын даргын сонгууль намыг нэгтгэх бус, хагалан бутаргах эрсдэлтэй гэж тэд онцоллоо. Тодруулбал, өмнөх АН-ын даргын сонгуулийн хор уршгаар тус намаас олон хүн “явсныг” онцолж, энэ удаад намын их хурлаар ялагдлаа дүгнэж, шинэчлэлийг бодитой хийн, үндсэн дүрмээ сайжруулж, даргаа сонгох байр суурьтай байгаагаа илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)