АН-ын даргын сонгуульд шинэ гишүүн санал өгөх эрхтэй болов

АН даргаа бүх гишүүдээрээ сонгуулах гэж буйтай холбоотойгоор намын гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулж буй. Шинэчилсэн бүртгэл ирэх сарын 6-нд дуусах бөгөөд гишүүд нь идэвх муутай байгаа тул АН-ын дарга З.Энхболд намын батлахаа үрэгдүүлсэн болон 2000 онд таван нам нэгдэхэд батлахаа солиулаагүй гишүүд, шинээр АН-д элсэх хүсэлт гаргасан иргэдийг бүртгэж авахыг аймаг, сумын АН-ын удирдлагуудад үүрэг болгосон байна.

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өчигдөр энэ талаар мэдээлэл хийв. Тэрбээр орон нутагт цас зудтай байгаа учир шинэчилсэн бүртгэлийн явц удаашралтай, гишүүдийн идэвх сул байгааг онцлоод шинээр элсэж буй гишүүдийг АН-ын даргын сонгуульд санал өгүүлэхгүй гэсэн байр сууринаасаа ухарч, санал өгөх эрхийг нь нээлттэй үлдээж буйг дуулгав.

Шинээр элссэн гишүүдэд санал өгөх эрхийг нь нээчихээр нэр дэвшигчид зохион байгуулалттайгаар олон хүн элсүүлж, өөртөө санал өгүүлэх явдал гарах вий гэх болгоомжлол байсан ч таван нэр дэвшигч бүгд зөвшөөрөөд ийм шийдэлд хүрсэн гэлээ.

Мөн АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид өнгөрсөн тав хоногийн хугацаанд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв аймагт намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан талаар мэдээлэв. АН-ын даргад нэр дэвшигчид Сонгуулийн хорооноос баталсан журмын дагуу уулзалт, сурталчилгаагаа хийж буй бөгөөд нэг нэр дэвшигч сурталчилгаандаа хоёроос илүү машин авч явахгүй, 00.00 цагаас хойш хүнтэй уулзахгүй, албан ёсоор тусгайлсан штаб байгуулахгүй байх зэрэг дүрэм мөрдөж байгаа аж.

Орон нутагт уулзалт, сурталчилгаагаа хийгээд явсных нь дараа тодорхой нэг нэр дэвшигчийн бие төлөөлөгч ухуулга хийж буй асуудал гарсан нь холбогдох дүрэм, журам зөрчиж байгаа, эсэхийг тодруулахад, Л.Эрхэмбаяр “Хүн итгэл үнэмшлээрээ хэн нэгнийг дэмжиж, бусдад уриалахыг хориглох аргагүй” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)