АН-ын дарга хэн болох бол

Ардчилсан нам даргатай ч юм шиг, даргагүй ч юм шиг дөрвөн сар, генсектэй ч юм шиг, үгүй ч юм шиг хоёр жил явлаа. Шат шатны сонгуульд ялагдсаар эцэстээ энэ нам байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай болов. Одоо АН-ын өмнө дотоод асуудлаа цэгцлэх, хэлэлцэж шийдэх, нам шиг нам болох их хүлээлтэд цэг тавих өдрүүд ирж байна.

Удаан хүлээлгэж, олон дахин хойшилсон ҮЗХ 14 хоногийн дараа хуралдана. Таван удаа хойшилсон ҮЗХ энэ удаа яадаг ч байсан хуралдаж, Их хуралд бэлтгэх ажлын хэсгээ байгуулахгүй бол арванхоёрдугаар сарын 6 юу юугүй хаяанд ирлээ. Их хурлаар намын шинэчлэлийн хүрээнд үзэл баримтлал, үндсэн дүрмийг өөрчлөх талаар хэлэлцэх нь тодорхой болоод байна. Харин хэрхэн өөрчлөх бол гэдэг нь анхаарал татаж буй асуулт. Үүнээс ч сонирхолтой асуулт нь “АН-ын дарга хэн болох бол?”.

АН-ын дарга хэн болохоос, цаашид хэрхэн ажиллахаас олон зүйл шалтгаалах болохоор энэ асуулт сонирхол татахаас аргагүй. Намын Их хурлаар хэчнээн сайхан дүрэм батлаад түүнийгээ баримталдаггүй даргатай болбол шинэчлэл болохгүй. Хэн нэгний дохио зангаагаар хөдөлдөг утсан хүүхэлдэй мөн л хэрэггүй. Тэгвэл ямар хүн байвал зүгээр гэж?

АН-ын даргаар томилогдох хүнд тавих шалгуурын нэгдүгээрт бүх фракцад хүлээн зөвшөөрөгдсөн, үгүй ядаж үзэн ядагдаагүй байх гэдэг үзүүлэлт бичигдэх ёстой гэхэд хэтрүүлэг болохгүй. Яагаад гэвэл АН фракцуудын нам. Фракцын асуудлыг Их хурлаар ганц яриад өргөс авчихсан мэт байхгүй болгочихож чадахгүй.

Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч фракцуудын ашиг сонирхол зөрчилдөх үе гарна, түүнийг нь зохицуулах шаардлага тулгарна. Хүссэнээр болдог бол АН-ыг атгасан гар шиг нэг цул байлгаж чадах хатуу, арга эвийг нь олж, эв эеийг сахихдаа хайлсан тугалга шиг зөөлөн, алс ирээдүйгээ боддог голч шударга хүн хэрэгтэй санж.

Намын даргад нэр дэвшихээ ил зарласан, зарлаагүй ч дэвших магадлал өндөртэй байгаа хүмүүсийн талаар мэдээлэл хүргэе.

Д.ЭРДЭНЭБАТ

Намаа сонгуульд ялагдуулсан хариуцлагаа тэр дор нь үүрч, даргын албанаас өөрийн хүсэлтээр огцорсон З.Энхболдоос халааг нь авч, үүрэг гүйцэтгэгчээр гурван сар гаруй ажиллаж буй түүнд “жинхлэх” санаа байгаа нь мэдээж. Харьцангуй нэр цэвэр, шударга, зоримог гэсэн имиж түүнд байдаг. АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны сонгуульд намаа амжилттай удирдаж, ялалт байгуулсан шигээ хэд хоногийн өмнө болсон орон нутгийн сонгуульд амжилт гаргасан бол түүнд томоос том нэмэх оноо ирэх байв.

Гэвч түүнээс өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд гялайж гялтайх юм харагдсангүй. Гишүүд, дэмжигчдийн хүсээд байгаа намын шинэчлэлтэй холбоотой юу ч хийсэнгүй. Зоримог байж чадсангүй. ҮЗХ-ны хурлаа ч хуралдуулж дөнгөсөнгүй. Гэхдээ чадахгүй байв уу, хүсэхгүй байв уу гэдэг нь бас асуулт.

Учир нь түүнийг хуучин дарга З.Энхболд далдаас удирдаж буй гэх яриа байгаа юм. Намын даргаар “жинхлэх”-эд нь “Шонхор” фракц түүнийг дэмжиж, хариуд нь З.Энхболд тэргүүтэй хуучин удирдлагууд нам дахь нөлөөллөө хэвээр хадгалахыг хүсэж буй гэх.

Мөн түүнийг Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас” фракц дэмжихээ илэрхийлсэн талаар эх сурвалж хэлэв. Тодруулбал, түүнийг намын дарга болбол “Алтангадас” дэмжлэгийнхээ хариуд намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг авах тохироо хийсэн гэнэ.

Өөрөө МҮДН-ынх, дээр нь “Шонхор”, “Алтангадас” хэмээх хоёр том фракцын дэмжлэгийг авч байгаа тул түүнийг АН-ын даргад горилогчдоос хамгийн их дэмжлэгтэй нь гэж харж болно. Чухам тиймээс “Хууччуул намаа шинэчлэхийг хүсэхгүй, өнгөн дээрээ даргаа сольсон нэр зүүж, нэгийг нөгөөгөөр солиод хуучнаараа явах гээд байна” гэсэн эсэргүүцэл намын залуусаас гарч буй аж.

П.ЦАГААН

Ямар нэг фракцад харьяалагддаггүй, намын нөхөдтэйгөө бүгдтэй нь тэгшхэн харилцаатай гэж өөрийгөө тодорхойлсон ч түүнийг МоАХ-ныхонтой нэлээд нягт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гарын хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй. Түүнийг намын шинэчлэлд буй бүхнээ зориулахаа мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албаа хүлээлгэж өгөх үеэс хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Төрийн тэргүүнийхээ дараагийн нүүдлийн бэлтгэлийг хангах нь гэсэн хардлага дагасан.

Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч намаасаа хөндийрсөн найман жилийн хугацаанд дэргэд нь байсан, “бие, сэтгэл холдоогүй” үнэнч шадар туслах П.Цагаанаа нам руугаа явуулж буй нь өөрийн байр суурь, орон зайг бэлдүүлэх гэж буй хэрэг гэж харсан. Ц.Элбэгдоржийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг дэмжээд, 2021 онд дахин нэрээ дэвшүүлэх цээжний тооцоо хийж суугаа гэх нь бий. Хэрэв тийм бол үүнд нь П.Цагаан тусалж таарах биз. Ямартай ч одоогоор түүн шиг бодлоготой, нягт үзэж байгаа хүн АН-ын даргад горилогсод дунд алга шиг.

Л.ГАНТӨМӨР

Намын даргад өрсөлдөнө гэдгээ ил тод зарлаад буй хүмүүсийн нэг нь УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр. Японд боловсрол эзэмшсэн, АН-ын гайгүй залуусын нэг гэгддэг тэрбээр “Намаа фракцгүй болгоно” гэсэн лоозон барьж, өрсөлдөх нь. Улс орныг авч явах үүрэг жам ёсоороо 1970-аад оныхны нуруун дээр шилжин ирж буй энэ үед түүнд АН-ын хувь заяаг даатгавал яах бол.

Намаа фракцгүй болгохын тулд тэр юу хийж чадах вэ. 2000 онд таван нам нэгдэж, АН-ыг байгуулснаас хойш л нэг цул болж чадаагүй, нам тус бүрээрээ фракцалж, шинэ гишүүд нь өөр, өөр фракц байгуулж, албан тушаал хуваарилалтад оролцсоор дадсан байдлыг яаж өөрчлөх бол.

АН-ын шинэчлэлийн тухай ярьж буй хүн бүхэн фракцын асуудлыг хөндөж буй. Харин Л.Гантөмөр өөрийн харьяалагддаг “Нэг ардчилал” фракцыг татан буулгаснаа зарласнаараа онцгойрлоо. Өнгөрсөн он жилүүдэд тэр бусдынхаа адил л фракцын улс төр хийж явсан. Тиймээс өөрийн фракцыг татан буулгалаа гэж зарлаад л бүх зүйл нь цэвэр болчихгүй, тодорхой нэг үзэл баримтлал, ашиг сонирхлоор нэгдсэн тэр хүмүүс ч уулзахаа, хэрхэх, яахаа зөвлөлдөхөө больчихгүй биз.

Бусад фракц түүний бодлогыг дэмжих үү, тэднийг дагуулж чадах, дэмжлэгийг нь авах ямар давуу тал түүнд байгаа вэ гээд бодоход дорвитой юм алга.

С.ЭРДЭНЭ

АН-д хатуу гар хэрэгтэй гэвэл тэр нь С.Эрдэнэ байж болох уу. Түүний тухай ярианд сайнаасаа муу нь давамгайлдаг. Ганц жишээ дурдахад нийтлэлч Баабар “С.Эрдэнэ бол эрүүгийн гэмт хэрэгтэн. Нийгмийн даатгалын дарга байхдаа шоронд ороход нь АН ялаад “Сайн хүн байгаа юм” гээд гаргаж авч байсан. Одоо бол энд тэнд нийгмийн даатгалын мөнгийг байршуулаад хүүг нь “хусаад” явж байдаг хүн.

Хэдэн мянган нас барсан хүний нэрээр тэтгэвэр аваад явж байдаг. Хөгшин настай хүмүүсийг амруулсан болж мөнгийг нь улсаас авч байна. Нөгөө АТГ, цагдаа, шүүх, прокурор хаана байна. Цөмөөрөө айдаг байхгүй юу. Хэрвээ би Эрдэнийг гүтгэсэн бол хариуцлага хүлээхэд бэлэн. Би хууль зөрчөөгүй болохоор юунаас ч, хэнээс ч айхгүй.

Их л бодоход орцны үүдэнд хүлээж байгаад хутгална биз” хэмээж байв. Тэр ийм имижтэй. Шинэчлэгдсэн, эрүүлжсэн, хөрснөөсөө дахин соёолсон гэсэн дүр төрх бүрдүүлэх хэрэгтэй байгаа АН ийм даргатай болбол яах бол. С.Эрдэнийн нэр намын даргад өрсөлдөх хүмүүсийн дунд бий хэдий ч түүний харьяалагддаг “Шонхор” фракц Д.Эрдэнэбатыг дэмжих сураг байгаа билээ.

Ж.БАТЗАНДАН

АН-ыг залуусын гарт шилжүүлэх цаг нь ирсэн гэж үзэж буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын даргад өрсөлдөхөө илэрхийлээд буй. Сүхбаатар аймгийн 10 жилийн нэгдүгээр сургууль дүүргээд, Унгар улсын Мищкольцын их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэргэжлээр төгсөж, тэндээ докторын зэрэг хамгаалсан залуу 2004 оноос “Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ийг байгуулж, гудамжны жагсаалаар улс төрд орж ирсэн.

Асуудлыг хүчээр, сүрдүүлгээр, эсэргүүцлээр шийдэх арга барилтай тэрбээр зургаа, долоон фракцын түмэн янзын ааш аяг, шаардлага, шахалтын эвийг олж, задралын ирмэгт байгаа АН-ыг тараачихгүйхэн авч явах дарга болж чадах болов уу.

Л.БОЛД эсвэл Г.БАТХҮҮ

“МоАХ бол фракц биш, АН-ыг фракцад хуваагддаггүй нэгдсэн нэг нам болгох санаачилга юм” хэмээж байсан ч өдгөө ҮЗХ-ныхоо цөөнгүй хэсгийг атгасан том фракц болоод буй МоАН санаачилгынхан “ҮЗХ бодитой, ажил хэрэгч хуралдах хэрэгтэй. Намын Их хуралд бэлтгэх ажлын хэсэг байгуулж, үзэл баримтлал, дүрмийг шинэчлэх бэлтгэлийг хангаж, орон даяар нийт гишүүний дунд хэлэлцүүлэг явуулах ёстой” гэж үзэж буй аж.

Намдаа нөлөөгөө нэгэнт тогтоосон, АН-ын бүх фракцыг өөртөө нэгтгэх том амбийцтай тэд Л.Болд, Г.Батхүү нарын нэгийг намын даргад сойно гэж эх сурвалж хэлэв


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)