АН-ын гишүүд Н.Алтанхуягаас "Ардчиллын өргөө"-гөө нэхэмжилж байна

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос АН-ын дарга асан Н.Алтанхуягаас "Ардчиллын өргөө" буюу Ардчилсан намыг байрыг нэхэмжилж хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хурлын үеэр АН-ын гишүүн О.Цоодол хэлэхдээ "Н.Алтанхуяг 2008 онд АН-ын дарга болсноос хойш АН өөрийн гэсэн байргүй болж, Шинэ дэвшил холбооны байрыг түрээсэлж суух болсон. Одоогоос найман жилийн өмнө буюу 2009 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намын олон мянган гишүүн оролцон "Ардчиллын өргөө"-нийхөө шавыг тавьж байсныг гишүүд мартаагүй. Тэр үед Н.Алтанхуяг "Ардчилсан намын байр ард түмний өрөө байх болно. Бид 2012 оны сонгуулиас өмнө Ардчиллын өргөөгөө сүндэрлүүлэх болно" хэмээн амалж байсныг одоо ч АН-ын 180 мянган гишүүд тод санаж байгаа. Тэр цагаа хойш найман он, хоёр сонгууль өнгөрлөө. Гэвч түүний амлалт биелсэнгүй. Эсрэгээрээ СТӨ-ний хүзүүвчин дэх байр болон 3350 м2 газрын гэрчилгээ АН-ын мэдэлд байхаа больж, нэр бүхий арилжааны банк худалдан авсан тухай гэрээ, баримт дэлгэгдлээ. Тодруулбал, 2013 оны аравдугаар сарын 4-ны өдөр тухай үеийн намын удирдлагууд долоон тэрбум төгрөг, мөн их хэмжээний өртөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө авах заалт бүхий гэрээнд нууцын зэрэглэл тогтоон гарын үсэг зурсан байдаг. Гэвч өнөөдөр намын байр, гэрээнд тусгагдсан үл хөдлөх хөрөнгө, намын дансанд орсон долоон тэрбум төгрөгийн аль нь ч алга" хэмээлээ.

Үүний дараа тус холбооноос Н.Алтанхуягийг АН-ын гишүүдээс уучлал гуйхын зэрэгцээ учруулсан хохирлоо барагдуулахыг шаардлаа. Тухайлбал, намын гишүүдийн "Ардчиллын өргөөн"-нд өргөсөн хандивын мөнгөний талаарх тайланг гаргахыг шаарджээ. Эс бөгөөс намын гишүүд Н.Алтанхуяг болоод бусад холбогдох хүмүүсийг шүүхэд өгөх болно гэдгээ мэдэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)