АН-ын бүлэг: Шаардлага биелүүлэхгүй бол УИХ-ыг тараах саналыг дэмжинэ

УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт мэдэгдэл хүргүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг мэдэгдэлд:

"Нэгдүгээрт, УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгч, “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргийг хуулийн байгууллагаар шалгуулах, 

Хоёрдугаарт, Стратегийн орд ашиглах лицензийг хууль бусаар авсан, Концессын гэрээ байгуулсан, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүд, улс төрийн албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг Ерөнхий сайдаас шаардсан байна. Өөрөө ч УИХ-ын индэр дээрээс хариуцлага тооцох тухай ярьсан учир амлалтаа биелүүлээсэй гэж хүсэж байна" гэв.

Уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Ерөнхийлөгч Х.Баттулгын оруулж ирсэн УИХ-ыг тараах тухай саналыг дэмжих болно гэдгээ АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдорж хэллээ. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ их хурлын даргыг огцруулах бичигт гарын үсэг зуруулж байна. АН-ын бүлэг гарын үсэг зурах уу?

-АН бол улс төрийн нам. Тиймээс намынхаа дотоод дүрмийн дагуу ажиллана. Тодруулбал, намаас тодорхой шийдвэр ирээгүй тохиолдолд гишүүд өөр өөрсдийн байр сууриар асуудалд хандах эрхтэй.

-Хоёр долоо хоногийн өмнө АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын даргыг огцруулах нь хууль зөрчсөн үйлдэл  бөгөөд АН хууль зөрчсөн үйлдэлд оролцохгүй гэсэн мэдэгдэл хийж байсан. Байр суурь нь өөрчлөгдсөн гэж ойгож болох уу?

-Хүчээр огцруулах тухай ярих нь хууль бус. Хуулиар М.Энхболд даргыг огцруулах боломж байхгүй. Харин бидний шаардлага бол хуулийн хүрээнд УИХ-ын даргыг ёс зүйн хариуцлага хүлээж, өөрөө албан тушаалаа хүлээлгэн өгөх ёстой гэж үзэж байгаа юм.

-Л.Болд гишүүний АН-аас татгалзах өргөдлийг шийдсэн үү?

-Л.Болд гишүүн намын сахилгын шийтгэл хүлээсэн байгаа. Үүний дараа тодорхой өргөдлийг намын удирдлагуудад өгсөн. Өнөөдрийн байдлаар энэ асуудал шийдэгдээгүй байна. Тиймээс Л.Болд АН-ын гишүүн хэвээрээ байгаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)