АН-ынхан УИХ-ыг өөрөө тараах тогтоолд гарын үсэг цуглуулж эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ыг өөрөө тараах тогтоолд гишүүдээр гарын үсэг зуруулж эхлээд байна. Гарын үсэг зурах самбарыг УИХ-ын чуулганы танхимын өмнө байршуулсан бөгөөд одоогийн байдлаар АН-ын есөн гишүүн гарын үсэг зуржээ. Үүнд:

  1. С.Эрдэнэ
  2. Д.Мурат
  3. Д.Эрдэнэбат
  4. З.Нарантуяа
  5. Б.Пүрэвдорж
  6. Я.Санжмятав
  7. Ж.Батзандан
  8. Б.Наранхүү 
  9. Л.Болд нар байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ "УИХ-ын өнөөгийн үйл явцтай уялдуулан цаашид АН-ын УЗ-ийн шийдвэрийн дагуу УИХ-ыг нэн яаралтай тарааж, Ээлжит бус сонгууль зарлан явуулах талаарх тогтоолын төслийг санаачилсан. 

Тухайлбал, УИХ, Засгийн газрын хоорондын үл ойлголцол тэмцлийн хэлбэрт шилжиж, Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдал үүссэн. Мөн гишүүд албан тушаал, авлигын гэмт хэрэгт холбогдож, сахилга батын олон алдаа гаргасан нь Монгол төрийн хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөхөд хүргэж байна. Үүнээс гадна УИХ-ын нэр хүнд хамгийн доод хэмжээндээ хүрсэн гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн итгэл 76-80 хувь алдагдсан байна. Тиймээс АН-ын Удирдах зөвлөлөөс бидэнд ирүүлсэн зөвлөмжийн дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсан. Үндсэн хууль болон УИХ-ын тухай хуульд заасны дагуу тогтоолын төсөлд нийт гишүүдийн 2/3 нь буюу 66 хувь нь гарын үсэг зурсан байх ёстой. Тиймээс эхлэн УИХ-ын гишүүдийг гарын үсэг зурахыг уриалж байна.

Ээлжит бус сонгуулийг энэ хавар явуулах бөгөөд ээлжит бус сонгууль явуулах зардал 16 тэрбум төгрөг болно. Үүнийг 2019 оны төсөвт тодотгол хийх замаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)