АН: Хүчтэй сөрөг хүчин байж чадлаа

УИХ-ын хаврын чуулган завсарласантай холбогдуулан АН-ын гишүүд өчигдөр мэдээлэл хийж, 2016-2020 оны парламентын үйл ажиллагааг дүгнэн, байр сууриа илэрхийллээ. Тэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд цаг үеийн тулгамдсан асуудлын хүрээнд 32 удаа асуулга тавьж, дангаараа 58 хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл санаачлан, хэлэлцүүлжээ. Тэдгээрээс Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай тогтоол нь батлагджээ. Харин Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд буй аж.

Гишүүн Д.Эрдэнэбат “2016 оны сонгуулиар есөн суудал авч, сөрөг хүчин болсон АН үнэмлэхүй олонх МАН-ын Засгийн газрын хууль бус, судалгаагүй, алдаатай, эргэж буцсан, амлалтаасаа ухарсан олон шийдвэрийг засаж залруулах, цуцлуулахын төлөө ажиллаж, хүчтэй сөрөг хүчин байж чадлаа” гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд АН-аас тусгуулсан саналуудаа онцлов.

Тодруулбал, Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн төслийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхийг УИХ-д хориглосноор гишүүд зардал, хөрөнгө оруулалтыг дур зоргоороо нэмдгийг хязгаарлах зохицуулалт бий болсон гэж үзэж буй. Мөн “УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэл болно” гэх зарчмын саналыг Үндсэн хуулийн 29.3-т нэмсэн бөгөөд энэ нь хууль тогтоогчдыг хариуцлагатай ажиллах нөхцөл бүрдүүлнэ гэв. Үүнээс гадна “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэх заалтад АН-ынхан Үндэсний баялгийн сантай холбоотой хэсгийг тусгуулснаа онцолж байна. Түүнчлэн орон нутаг татвар хураах эрхтэй байх санал гаргаж, Үндсэн хуулийн 59.2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг, хороонд ИНХ байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” хэмээн хуульчилжээ.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль, эрх зүйн орчныг олон талаар шинэчлэх ажил УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд ногдож буйг дурдаад, Засгийн газрын эргэж буцсан олон шийдвэрээс болж УИХ-ын нэр хүнд унаж, эдийн засаг, ард иргэдийн амьдрал доройтсон гэлээ. Гишүүн Д.Эрдэнэбат “МАН хэт олонхоороо түрээ барьж, асуудалд гал унтраах төдийхнөөр хандаж, хариуцлагаас зугтаж ирсэн нь Монгол Улсыг ФАТФ-ын “саарал жагсаалт”-д оруулсан. Эрх баригчид алдаагаа засахын оронд сөрөг хүчинд буруугаа тохох, эсвэл өөр хоорондоо хөлөө жийлцсээр Европын Холбооны “хар жагсаалт” руу унагалаа” хэмээсэн юм.

Гишүүн З.Нарантуяа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт 70 орчим хувьтай гэж эрх баригчид хэлж байгаа ч бодит байдалд өөр үр дүн буй талаар тэмдэглэв. Тэрбээр “Сүүлийн гурван жилд эдийн засаг 6-8 хувиар өсөөд байгаа ч иргэдийн амьдрал, өрхийн орлого нэмэгдээгүй. Цаасан дээрх тоо, эдийн засгийн хүртээмж айл өрх, гэр бүлд бодитой хүрч чадахгүй байна” гэлээ.

Гишүүн Б.Пүрэвдорж “Монгол Улсын иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй байна гэж айлгаж, энэ дарамтаас гаргана гэж амлаж, сонгогдсон МАН өнөөдөр хүн бүрийг 27 сая төгрөгийн өртэй болголоо. Есөн төрлийн татвар нэмж, ОУВС-гийн нэрийг барьж, энэ бодлогоо халхавчилсан. Хүн амын орлогын албан татварыг гэхэд хэд хэдэн удаа нэмж, дундаж, чинээлэг давхаргынхны амьдрал ахуй доошилж байна. 2016 онд ядуурлын түвшин 21 хувь байсан бол Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр одоо 33 хувь болсон. Авлигын индексээр 86-106 хүртэл ухарлаа” гэв.

Бэлтгэсэн: Б.Уран


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)