АН: УИХ тарах нь зүйтэй

хүүхдийнтомчууд

УИХ дахь АН-ынхан өчигдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн талаараа мэдээлж, дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан тухай дурдав. Тэд парламентад үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлж, Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж байгаа юм аж. Мэдэгдэлд “Судалгааны байгууллагууд УИХ тарах, эсэх талаар судалгаа хийхэд иргэдийн 76 хувь тарах нь зөв гэсэн хариулт өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээг 2018 оны арваннэгдүгээр сард 1.8 болтлоо буурсан нь өмнөх онуудынхаас эрс багассан дүн. 

Энэ УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашдаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүд нь эрх мэдлээ ашиглан гэмт хэрэг үйлдэх, сахилга, ёс зүйн алдаа гаргасаар байтал огт хариуцлага хүлээхгүй байгаа нь хуульгүй мэт аашилж буй хэрэг. Концессын гэрээнүүдийн асуудал, “60 тэрбум”-ын гэгдсэн гэмт үйлдэл, ЖДҮХС-гаас зээл авч, бизнес эрхлэгчдийн боломжийг хаасан албан тушаалтнууд нь өнөөгийн УИХ-ын зүй бус хандлагын жишээ болж, ард олны итгэл үнэмшлийг алдаж, манлайлан дагуулах чадваргүй болсны илэрхийлэл. Засгийн газрын тэргүүн нь амлалтынхаа эсрэг ажиллаж, мах, шатахуун, валютын ханшийн өсөлт иргэдийн халаасыг хоосолж байна” гээд сайд нар авлига авсан, эсэх талаар тодорхой хариулт өгөхгүй байгаа нь Засгийн газар огцрох хангалттай үндэслэл гэж үзэж буйгаа онцолжээ.

Мөн Г.Батхүү амиа алдсан хэргийн хүрээнд Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран ажиллахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас хүслээ. Энэ талаар АН-ынхны байгуулсан зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Шүүх эмнэлгийн урьдчилсан дүгнэлт, нотлох баримтууд, хэрэгт хамаарал бүхий хүмүүс олон нийтэд хандсан мэдэгдлүүдээс үзэхэд Г.Батхүү агсан гаднын нөлөөгөөр өндрөөс унасан гэмтлүүдийн улмаас амиа алдсан нь улам тодорхой болж байна. Парламентад суудалтай нам, сөрөг хүчний дэд дарга төрийн тусгай хамгаалалт бүхий Засгийн газрын ордонд амиа алдаад 10 гаруй хоног өнгөрөөд байхад хууль, хяналтын байгууллагынхан тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Уг хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник, технологийн илүү өргөн боломжийг манай хууль, хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс ОУПХ-гоор дамжуулан мэргэжлийн байгууллагуудын туслалцаа, дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)