АН: Талийгаач нь амиа алдахаас 20 минутын өмнө МАН-ын гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон

Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан: УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү нь Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-ны 19 цагт учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны дөрөвдүгээр сард БНСУ-д бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Сүүлийн үед сошиал орчноор "Монгол биш зан" ихээр гарч, талийгаачийг харлуулж, муулж байгаад бид их харамсаж байна. 

Талийгаач маань тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм. 

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин: Төр нийгмийн зүтгэлтэн учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар цагдаагийн байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэ үйл явдлын жинхэнэ мөн чанарыг олохын төлөө бид нэлээдгүй чармайж байна. 

Үйл явдал болсон газарт ямар нэгэн хяналтын камер, төхөөрөмж байгаагүй. Цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүрх нь хаагдсан, бие нь муудсан зэргээр дүгнэж болохгүй. 

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. 

Талийгаач 18.30 цагт УИХ-ын чуулганы өмнөх камерт алхаж яваа нь бичигдсэн бол 19.20 цагт унасан байхыг нь олсон. Олсноос хойш цаг орчмын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна лээ. Харин түүнийг амиа алдахаас өмнө МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон бөгөөд түүний хувьд 20 орчим минут уулзаад гарсан гэдгийг хэлээд буй. Цагдаагийн байгууллагаас хэргийг үнэн зөвөөр нэн яаралтай тогтоож, ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгнө гэдэгт итгэлтэй байна" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)