АН нокдаунд орууллаа, ГЭХДЭЭ ӨӨРИЙГӨӨ

Гудамжинд баахан хүн шавжээ. Боксын хоёр залуу нэвширтэл зодолдож байна. Хоёулаа 32 кг-ийн жингийн тамирчид аж. Шог нь, МАН гэх багийн хоёр хоорондоо нүдэлдэж байх юм. Их л хилэнтэй байна. Нэг нь “Чи улсаас өгсөн замын зардлыг хуссан” гээд хашгирч байхад нөгөө нь “Улсаас тавьсан хувцас хэрэглэлийг чи дамлаж зарсан” гэж агсрах юм. Бас болоогүй ээ, дүрэм ярьж байна, 00-ийн өрөө лүү санаатай цохилоо, олны өмнө шившиг болголоо гэж. Гудамжны зодоонд дүрэм гэж бас байдаг байх нь.

Гэтэл цэнхэр өмсгөлтэй нэг бацаан тэдний хойгуур урдуур, баруун зүүнээр тойрч гүйгээд л байх юм. 9-хөн кг жинтэй атлаа ах нар луугаа том, том дуугарч байна “Тануус бүгдээрээ л хулгайч шүү” гэж ирээд л. Сөргөлдөгч хоёр нанчилдаж, нанчилдаж ялагчгүй саллаа. Нэгийнх нь нүд улайж, нөгөөгийн нь хөмсөг хөхөрчээ. Гэтэл ах нараа турхиад явсан 9 кг-тай хүүгийн хоёр хамраас цус гарч байх юм. Миний дүүг хэн зодчихов хэмээн цугласан олон сандарч, тэвдсээр гудамжны камер шүүтэл...

Ёстой элгийн юм болж. Өнөөх хүү чинь хүртээлгүй газар хөөрцөглөж явахдаа өөрийнхөө хамрыг цохичихжээ. “Саваагүй нохой саранд хуцдаг юм” гэж хөөрхий хүүг зэмлэсээр иргэд олон тарж одлоо.

Нэг иймэрхүү л шог гарааг бид өнгөрсөн баасан гарагт үзэж, энэ долоо хоногт харж байна. Ижил тэнцүү бяртай, олон арван дагуултай МАН-ын дотоод тулаанаас АН ашиг хонжоо олох гэж яваад сахил хүртээд шал дордов гэгч болов. Уг нь бол тэртэй, тэргүй хөндлөнгийн тусламжгүйгээр нэгийгээ мэрж байгаа МАН-ы засаг унах, үлдэх нь үнэмлэхүй цөөнх АН-д ямар хамаа. Гэтэл унагаахад оролцсонгүй хэмээн УИХ-ын гишүүн Лу.Болд, Ж.Батзандандаа сахилгын шийтгэл ногдуулчихлаа. Ногдуулж байгаа нь энэ гээд нэгийнх нь дэвших эрхийг түдгэлзүүлж, нөгөөгийнх нь гишүүн байх эрхийг хасчээ. Бүр дөрвөн жилээр.

Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдэг л боллоо доо. Ж.Батзандан илүү чанга дуугарсан, угаасаа тэгж дуугардаг гээд хөөчихсөн бололтой юм. Лу.Болд, У.Муратыг болохоор “ухааруулж” болно, улмаар “чиглүүлэх” ч боломжтой гэж үзээд аваад үлдсэн юмдаг аа. Тэгээд ч нам нь УИХ-д бүлэгтэйгээ байхын тулд наймуулаа байх ёстой л доо.

Асуудал үүгээр дуусав уу гэтэл үгүй юм аа. Харин ч сонирхолтой хэлбэрт шилжлээ. Одоо МАН зодолдох бус АН үзэлцэх цаг иржээ. Есүүлхнээ гэлтгүй ана мана зууралдах нь. МАН тэнд найтаахад АН энд ханиад хүртдэг түүх өнөөдөр давтагдах уу, яах уу.

Лу.Болд гишүүн намынхаа шийдвэрийг доромжлол хэмээн үзэж, АН-аас гарч байгаагаа мэдэгдлээ. Ингэснээр, зөрүүд нөхдийнхөө ханадыг дарна гэж тооцсон тус нам урьдчилж тооцоогүй бэрхшээлд унаж магад боллоо. Гэхдээ асуудалд аль талаас хандаж, хуулийг ямар утгаар тайлж ойлгуулахаас УИХ дахь АН-ы бүлгийн хувь заяа шийдэгдэх буй за. Дургүйг нь их хүргээд байвал засгийг төртэй нь барьж буй МАН түүнийг өшиглөөд явуулчихаж ч мэднэ. Учир нь УИХ-ын тухай хуульд зааснаар 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болдог. Харин нэг гишүүнээ хөөж, нөгөө нь намаас гарах бичгээ барьсан энэ нөхцөлд АН-ын бүлэг тарах магадлалтай. УИХ-ын тухай хуульд заасан гаргалгаа нь ийм байна. Гэвч ямар тохиолдолд бүлгийг тарсанд тооцох тухай тов тодорхой заалт хуулинд алга. Байгаа ганц нь “Нам татан буугдсан, эвсэл тарсан тохиолдолд” гэсэн заалт. Түүнчлэн ямар тохиолдолд тухайн гишүүнийг бүлгээс гарсан гэж үзэх, бүлгээс гарахын тулд ямар шалгуурыг хангасан байх ёстой гээд буман асуултыг тойрон дан ганц АН гэлтгүй МАН-ынхан нийлж аваад маргаж, мэтгэлцэж таараа. МАН тараана, тараахгүй гэж алиалаад л, АН огт тарахгүй гэж гүрийгээд л. Хуулийг өөрийнхөөрөө тайлбарладаг, дүрмийг өрөөсгөл ойлгуулдаг өнөөх хөгжилтэй ажлаа ингээд эхлүүлэх нь дээ. Монголчууд шинэ оноо хөгжилтэйхөн угтах шинжтэй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)