АН: Монгол Улсын ойрын таван жилд нийт 11.2 тэрбум ам.долларын гадаад өрийг төлөх ёстой болчихоод байна

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсад ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй, нэг км зам ч ашиглалтад орсонгүй. Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл маш муу байгаа. Монгол Улсын Төр гэж байгаа бол нийгэм, эдийн засгийн байдалд бодит дүгнэлт хийх цаг болжээ. Шуудай шуудайгаар нь мөнгө цацаж, шударга ёсны төлөө тэмцэж байгаа баатар мэт яриагаар нь утааны асуудал шийдэгдэж, улс орны эдийн засаг сайжрахгүй ээ. 

Дээрээс нь нийслэлд аюулын харанга дэлдээд эхэлчихлээ. Улаанбаатарын утаа хэрээс хэтэрлээ. SOS буюу аюулын дуудлага сүүлийн 3 хоног дараалан дуугарлаа. Цаг үе ийм байхад нийслэлийн удирдлагууд солигдож, дараагийн дарга нь одоог хүртэл томилогдоогүй байна. Яагаад он гараад халгаа, сэлгээгээ хийж болдоггүй юм бэ.

Мөн шатахууны үнэ, валютын ханшийн өсөлт хэрээс хэтэрлээ. Бензины үнийг хэдэн зуун төгрөгөөр нэмчихээд 100-хан төгрөгөөр буулгаж байгаа нь ямар учиртай юм бэ? Ингэхдээ зөвхөн АИ92 бензиныг л буулгасан. Бусад нь буугаагүй л байна.

Хүн ойлгохгүй баахан том том статистик, тоон үзүүлэлт яриад сууж байна. Өнгөрсөн онд дундаж цалингаар 300 доллар худалдаж авдаг байсан бол одоо 200 доллар хүрэхтэй үгүйтэй л байна. Иргэд 100 орчим ам.долларын хохирол амсаж байна.

АН-ын IX их хурал болж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан шаардлага хүргүүлсэн. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, АН өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж ирсэн. Аль болох нийгмийг бухимдуулахгүй байхыг хүссэн ирсэн. Гэтэл эрх баригчид өөрсдөө Монгол төрийн бодлогыг цулбуургүй тавиад туучихлаа. МАН эрх бариад Чингис, Самурай бондоос илүү их хэмжээний өр тавьжээ. Тухайлбал, эрх баригчид 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум долларын гадаад өрийг нэмэгдүүлжээ. Шилэн дансны хуулийг хэрэгжүүлсэнгүй. Хэрэв хэрэгжүүлсэн бол энэ их хэмжээний авилга, хээл хахууль гарахгүй байх байсан” гэлээ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Төсөв санхүүгийн хувьд одоогийн Засгийн газар хамгийн таатай нөхцөлд ажиллаж байгаа ч хуримтлал хийж чадсангүй. Мөн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй байна. 2019 он гэхэд их өрүүдээс 4.5 тэрбум ам.доллар, 2020 онд 3.5, 2022 онд 2.7, 2023 онд 1.9, 2024 онд 1.5 ам.доллар, ингээд нийтдээ 11.2 ам.долларын гадаад өрийг төлөх ёстой. Үүнийг төлөхийн тулд бид бага багаар валютын нөөцийг нэмэгдүүлж байх ёстой. ОУВС ч анхааруулсаар ирсэн.

Иймээс эрх мэдлийнхээ төлөө тэмцлээ нам дотроо хийгээд, эх орныхоо эдийн засагт анхаарлаа хандуулахгүй бол Монгол Улс төрийн удирдлагаа алдах нь байна гэдгийг хатуу сануулж байна” гэв.

Мөн утааны асуудлаар АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ "ДЭМБ-ын стандартаас 2-7 дахин их бохирдолтой болжээ. Үүнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд нэмэгдсээр байгаа учир шаардлагатай арга хэмжээнүүдийг авахыг ард иргэд шаардсаар байна.

Харамсалтай нь, Засгийн газар нэг ч дорвитой алхам хийхгүй байгаа бөгөөд Улаанбаатарт сандал ширээний төлөөх тэмцэл л явагдаж байна. Мөн зарим аймгийн төвүүд нийслэлээс дутахгүй утаатай болжээ. Үүнийг засаж, залруулах маш олон арга бий. Гэвч тэднийг хэрэгжүүлэх нь битгий хэл, оролдох ч үгүй байна" гэсэн юм.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ НАРТ ХҮРГҮҮЛСЭН ШААРДЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА.

МАН төрийн эрх мэдлийг авсанаас хойшхи хугацаанд төсвийн алдагдал 2017 онд 2.4, 2018 онд 2,7, 2019 онд 1.9 их наяд нийт 7 их наяд төгрөгт хүрлээ. 

Аж үйлдвэр, Зам тээвэр, Хот байгуулалт, Сум хөгжүүлэх зэрэг их бүтээн байгуулалтын төслүүдэд  зарцуулагдаж үр шим нь монголын ард түмэнд ил тод хүрсэн “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Гэрэгэ” бондоор, Евро бондын 600 сая ам.долларын зээлийг илүү өндөр хүүтэй “Хуралдай” бондоор сольж хугацаа алдсанаар хүүгийн зөрүүнд төсвөө чирч Монгол Улсын өрийг 27.5 тэрбум ам.долларт хүргэж, татвараа нэмж иргэдээ хоосолж байна. 

МАН-ын дотоод хагарал, бүлэглэл хоорондын тэмцэл намынхаа савнаас хальж, Монгол төрийн үйл ажиллагааг ноцтой хямралд хүргэж, ард түмний амьдралыг туйлд нь хүртэл доройтууллаа. МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хариуцлагатай индэрээс 60 тэрбумын бичлэг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөнөөр Ардчилсан намаас удаа дараа тавьж байсан шүүмжлэл бодитой гэдгийг нотоллоо. 

МАН-ын Засгийн газрын гишүүд концесс нэрийн дор 800 гаруй тэрбум төгрөгийг хулгайлж, Засгийн газар нь огцорч байсан бол шударга журмыг тогтооно гэж гарч ирсэн өнөөгийн Засгийн газар УИХ-ын гишүүдтэйгээ  хуйвалдан ЖДҮХС-ийн хөрөнгийг өөрсдийнхөө амь амьдралаа дээшлүүлэх хэрэгсэл болгон хулгайлсан увайгүй үйлдэл нэгэнт ил тод болж, ард түмний бухимдлыг бий болголоо. 

МАН-ын удирдлагууд шуудайд хийсэн үхрийн эвэр шиг гэдсэндээ хөлөө жийлцэн төрөө хямруулж, түмнээ хөсөр хаяж байх хооронд долларын ханш, бензиний болон бараа бүтээгдэхүүний үнэ урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр өсч, оффшорын мөнгийг олж ирж, эздэд нь хариуцлага тооцох амлалт ч ор сураггүй боллоо. 

Энэ бүхнийг үндэс болгон, Ардчилсан намын 9-р их хурлын төлөөлөгчид бид дээрх хэрэгт холбогдож, төрийн хууль, ёс зүй, шударга ёсыг ноцтой зөрчсөн УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, орон нутгийн бүх шатны удирдлагуудыг яаралтай эгүүлэн татаж, хариуцлага тооцохыг эрх чөлөөний түүчээ, Ардчилсан намын мянга, мянган гишүүд, дэмжигчид, ард түмнийхээ нэрийн өмнөөс хатуу шаардаж байна. 

Хэрэв энэхүү шаардлагыг үл тоох аваас бид улс төрийн тэмцлийн дараагийн үе шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)