АН: МАН-ынхны дүрмээр “тоглоход” бэлэн

УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр эхлээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлэхдээ “АН-ын зүгээс хувь тэнцүүлсэн холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах санал гаргасан ч МАН-ынхан дэмжээгүй. Одоо тэдний тогтоосон тоглоомын дүрэм, дэвшүүлсэн саналын дагуу сонгуульд оролцоход бэлэн” гэдгийг онцлов.

Дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа тодотголоо. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон импортоор оруулж ирсэн бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд ногдуулдаг 10 хувийн татварыг тав болгон бууруулах талаар хуулийн төсөлдөө тусгасан гэнэ.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг анх 1998 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлснээс хойш 40 орчим удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг татвар нь тухайн улсын төсвийн орлогын гол эх үүсвэр болдог. Өдгөө хэрэгжүүлж буй хуулиар Татварын ерөнхий газарт бүртгүүлсэн татвар төлөгч нь борлуулалтад ногдсон НӨАТ-аас өөрийн худалдан авалтдаа төлсөн НӨАТ-ыг хасаж тооцдог юм байна. Үлдсэнийг нь улсын төсөвт төвлөрүүлдэг гэнэ. Ингэснээр манай улсын НӨАТ-ын орлого өсөж, далд эдийн засаг хумигдахын хэрээр төсвийн орлого нэмэгдэж байгаа ч үүний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлт орхигдсоныг төслийг санаачлагч тэмдэглэв. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголт бага гэнэ. Үүнийг дагаад инфляц нэмэгдэх, ДНБ-ий өсөлт саарах зэрэг эрсдэл үүсдэг аж. Иймд НӨАТ-ын орлогын тоон өсөлтөд бус, чанарт анхаарлаа хандуулах цаг болсныг тэрбээр онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)