АН ирээдүйн өнгийг тодорхойлох хүчин болж чадах уу

АН УИХ-ын ээлжит сонгуулийн ялагдлын шокноосоо гарч амжаагүй байхдаа удаах ялагдалтайгаа нүүр туллаа. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар 21 аймгийн 19-д, нийслэлийн есөн дүүргийн зургаад ялагдав. МАН-ын Засгийн газар нэг биш “мангар” алхам хийн иргэдийн урмыг хугалж, хийсэн ажилгүй 100 хоногтойгоо золгосон ч АН-д хандах сонгогчдын хандлага өөрчлөгдөөгүй нь гайхалтай. Уг нь ийм үед сонгогчдын саналд багагүй савлагаа үүсэж, АН-д элгэмсэх баймаар. Гэтэл яагаад. Монголчууд АН-аас ингэтлээ цэрвэхээр юу болов.

АН-д гарцаагүй том асуудал байгааг сонгогчид дараалсан цохилтоороо баталж байна. Тэднээс ийн зайгаа барих шалтгааны нэгдүгээрт, эв нэгдэлгүй, фракцын зөрчлөө шийдэж чаддаггүй гэж бичигдэх биз. Араас нь ардчиллыг, намыг өмчилсөн, тэгсэн хэрнээ хэдэн фракцад хуваагдсан нөхдийн хувийн тоглолт, улс орны бус, бүлэглэлийн эрх ашгийг тэргүүнд тавьдаг эрээ цээргүй байдал нь орох байх. Товчхондоо, өнгөрсөн дөрвөн жилд бодлогын нам биш, фракцын нэгдэл төдий бүтэц гэдгээ хангалттай нотолсон нь энэ ялагдлын шалтгаан.

Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. АН энэ янзаараа байж дараагийн ялагдлаа хүлээх үү, хэн бүхний нүдэнд ил дээрх асуудлуудаа цэгцэлж, түүхийн шинэ хуудсаа эхлүүлэн, ирээдүй цагийн өнгийг тодорхойлох улс төрийн хүчин болох уу. Өөрсдөөс нь л шалтгаалах хэрэг.

АН-ЫН ШИНЭЧЛЭЛ ЮУ БОЛЖ БАЙНА ВЭ

Иргэдийн итгэлийг буцааж авахад юу хэрэгтэй вэ. Иргэд АН-аас юу хүлээж байгаа бол. АН-ыг бүлэглэлүүдийн нэгдэл төдий бүтэц, тэднийг албан тушаалд хүргэдэг шат, гишгүүр бус, нам шиг нам болохыг, хагарал, тэмцлээсээ ангижирч, нэг талдаа гарахыг, шинэчлэл шиг шинэчлэлийг, фракцуудыг зөрчилдүүлдэг биш, бодлогоор уралдуулдаг нам болохыг хүлээж буй.

Тэгвэл одоо АН-д юу болж байна вэ. Гаднаас нь харахад нам гүм ч юм шиг. Сонгуулийн дараа бужигнаж, хэл амаа уралдуулж байсан шинэчлэгчид сураггүй болж, шинэчлэлийн тухай яриа хөөрөө намжжээ. Гэвч энэ байдал удаан үргэлжлэхгүй нь тодорхой. Одоохондоо тов нь тодроогүй байгаа ч тун удахгүй Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ хуралдах учиртай. Арванхоёрдугаар сарын эхээр Их хурлаа хуралдуулахаар товлосон. Тиймээс нэг их удахгүй фракцууд, намын даргын суудалд санаархагчид идэвхжиж, тэдний арын албаныхан дуу, дуугаа авалцан шаагилдаж эхлэх биз. Тэгэхээр энэ нам гүм бол их шуурганы өмнөх түр амсхийлт.

...АН-д нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал бол намын даргаа өөрчлөх. Гэтэл ойрын үед, удахгүй болох ҮЗХ, арванхоёрдугаар сард хуралдах Их хурлаар ч намын даргын асуудал шийдэгдэхгүй гэсэн яриа бас байх...

АН-ын шинэчлэл гээд л яриад байдаг. Шинэчлэл гэж юугаа хэлээд байгаа, хэн, яаж хийхийг хүсэж, яг юунд хүрэхээр тэмүүлж буй нь тодорхойгүй хэвээр. Энэ асуудлаар АН дотроо хоёр хуваагдсан талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлж байв. Тодруулбал, хууччууд нь намын дүрмээ өөрчлөхгүй, хуучин дүрмээрээ тоглож, намын даргаа солихыг шинэчлэл гэж харж байна. Харин залуус дүрмийг үндсээр нь шинэчилж, Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ гэх мэт “цус ойртсон” бүтцийг татан буулгахыг хүсэж байна.

АН-д нэн тэргүүнд тулгамдаад байгаа асуудал бол намын даргаа өөрчлөх. Гэтэл ойрын үед, удахгүй болох ҮЗХ, арванхоёрдугаар сард хуралдах Их хурлаар ч намын даргын асуудал шийдэгдэхгүй гэсэн яриа бас байх. “Их хурлаар дүрмээ шинэчлээд, түүнийхээ дагуу намын даргаа сонгоно” гэсэн чиглэлд ерөнхийдөө нэгдэж буй аж. Гэвч хурлаа хийгээд, асуудлаа яриад эхлэхэд фракцуудаас ямар санал гарч, нөхцөл байдлыг хэрхэн эргүүлэхийг таашгүй.

НАЙМАН ЖИЛ ХУРАЛДААГҮЙ ИХ ХУРАЛ, ТАВАНТАА ХОЙШИЛСОН ҮЗХ

Гурван сар гаруйн өмнө буюу долдугаар сарын 18-нд ҮЗХ-ны хурал “Маргааш үргэлжлүүлэн хуралдана” хэмээн түр завсарласнаас хойш таван удаа тов тогтоон, зар тарааж, мөн төдий тоогоор хурлаа хойшлуулсан гэсэн мэдэгдэл хийж өнөөдрийг хүрлээ. Хамгийн сүүлд ҮЗХ-ны хурлаа хойшлуулахдаа “Орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулна” гэж байв. Энэ удаа ҮЗХ-г хуралдуулах оролдлого амжилттай болбол Их хуралд бэлтгэх болон намын дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулна. Харин ҮЗХ-г хуралдуулахгүй байх сонирхолтой хэсэг бүлэг бас бий.

Тухайлбал, намын Шинэчлэлийн хорооныхон “Ойрын хэдэн жил ҮЗХ-д ротаци хийгээгүй, намын дүрэм зөрчин ажиллаж буй ҮЗХ хуралдаад юу ч өөрчлөхгүй. Энэ бүтэц ямар нэг шийдвэр гаргалаа ч хүчин төгөлдөр бус байх болно. Тийм болохоор хуралдаад ч хэрэггүй. Их хурлаараа намын шинэчлэл болон даргын асуудлыг ярих ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм. Тэд ҮЗХ хуралдвал урдынх шигээ ҮЗХ-ны гишүүдийн олонхыг атгаж чадсан фракц даргын суудлыг авч, Их хурлаар түүнийгээ батламжлуулаад, шинэчлэл хийсэн, дарга сольсон нэр зүүгээд өнгөрнө хэмээн болгоомжилж буй. Харин хууччууд нь яг л тэдний болгоомжилж, сэрэмжилж буй энэ аргыг хэрэглэхийг хүсэж байгаа гэх.

АН Их хурлаа хуралдуулалгүй найман жилийн нүүр үзэж буй. Өнгөрсөн найман жилийн хугацаанд МАН хоёр ч удаа Их хурлаа хуралдуулчихаад байхад нээлттэй, ардчилалтай гэж өөрийгөө өргөмжилдөг АН нэг ч үгүй. Сүүлийн хоёр дарга нь Их хурлаараа батламжлагдаагүй, “хазгар доголон” эрх зүйн чадамжтай явсаар суудлаасаа буусан. Найман жилийн дараа, асар их хүлээлт, шаардлагын дүнд тов нь сонсогдоод буй Их хурал хэр үр дүнтэй болохоос АН-ын хувь заяа шийдэгдэх болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)