АН: Иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн хүүг гурван хувь болгох шаардлагатай

Эдийн засагт үүсэж болзошгүй хүндрэлтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын зөвлөлөөс өчигдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Цаашид хэрэглээний хомсдол үүсэх, төсөв тасрах зэрэг эрсдэлтэй бид нүүр тулахад ойрхон байна. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай ч эдийн засагт эрсдэл үүсэж болзошгүй. Тиймээс эрсдэлийн үеийн төлөвлөгөө боловсруулах шаардлагатайг сануулж, 18 хоногийн өмнө Ерөнхий сайдад албан бичиг хүргүүлсэн ч хариу ирүүлсэнгүй. Одоо бизнес эрхлэгчдийг дэмжих шаардлага үүслээ. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид дампуурахад ойрхон байгаа учраас Баялаг бүтээгчдийн холбоо, МҮХАҮТ-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт дахин хүргүүлнэ. 2020, 2021, 2022 онд 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс энэ онд барихаар төлөвлөсөн барилгын ажлуудаа цуцалж, 355 тэрбум төгрөг хэмнэн ЖДҮХС-д төвлөрүүлэх хэрэгтэй. Улмаар тус сангаас 100 хүртэлх сая төгрөгийг жилийн гурван хувийн хүүтэй, Төрийн банкаар дамжуулан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох санал дэвшүүлж байна. Мөн арилжааны банкнаас өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг бага хүүтэйгээр тооцож, Монголбанканд шилжүүлэх тухай заалт хуулийн төсөлд бий. Үүнийг ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Хуулийн гол заалт нь ажлын байраа авч үлдэх. Манай улсын эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурахыг Дэлхийн банкныхан тооцоолжээ. Тиймээс онцгой үед ажиллах төлөвлөгөө Засгийн газарт хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт хэт их хөрөнгө зарцуулж, эдийн засгаа доройтуулж болохгүй. Энэ хоёр салбарыг нэг түвшинд байлгаж, харилцан ашигтайгаар зохицуулах шаардлагатай. Үгүй бол эдийн засгаа буцаагаад сэргээхэд их хугацаа шаардана. Зээлийн хүүг бодитой бууруулах нь үр дүнтэй арга.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүсийн цалинг нэмсэн хэрнээ цагдаа, эмч нарынхыг нэмээгүй. Үүнд дүгнэлт хийж, 20-24 хувийн хүүтэй зээл авсан иргэдээ дарамтаас чөлөөлөх ёстой” гэлээ.

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-400 орчим тэрбум төгрөг хэмнэж, гурван хувийн хүүтэйгээр иргэдэд зээл хэлбэрээр олгох санал дэвшүүлжээ. Ингэснээр яг хэдэн аж ахуйн нэгж, байгууллагынхныг зээлийн дарамтаас чөлөөлөх боломжтой вэ?

-3500-5000 аж ахуйн нэгж, байгууллагынхан хамрагдах боломжтой. 5000 орчим аж ахуйн нэгж, байгууллага өндөр хүүтэй зээл авсан тооцоо бий. Бага хүүтэй зээл авах боломж бүрдүүлснээр зээлийн хүүгийн дарамтаас ангижирна.

-Хууль хэрэгжих хугацааг тодорхой хэлнэ үү?

-Дээрх аж ахуйн нэгж, байгууллагынхан хамрагдаж дуусах хүртэл хууль хүчин төгөлдөр үйлчилнэ. Тухайн банктай гэрээ байгуулж, хэрэгжүүлэх хугацааг зохицуулах боломж ч бий.

-Хуулийн төслийг батлахгүй бол ямар нөхцөл үүсэх бол?

-Эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурахыг өмнө дурдсан. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого дутна. Зардлаа танахгүй бол орлогын гүйцэтгэл тасрах учраас энэ онд заавал хэрэгжүүлэх шаардлагагүй төсөл, арга хэмжээг цуцлах тухай заалт хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр эдийн засгийг хөдөлгөгч хүч болох жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн дээрх арга хэмжээнүүдийг заавал хэрэгжүүлэх шаардлагагүй гэж Ерөнхийлөгч үзээд, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг батлах үед хориг тавьсан. Гэвч МАН-ынхан хүлээж аваагүй. Уг нь аль нэг сумд Соёлын төв, уулын мухарт жижиг байшин барих зардлыг хэмнэх боломжтой. Нөхцөл байдал эрсдэлтэй үед ажлын байраа хадгалах нь чухал. Коронавирусийн тархалтыг хязгаарлах гээд эдийн засгаа хумьж болохгүй. Дараа нь үүнээс ч хүнд нөхцөлтэй нүүр тулж болзошгүй. Хоёрдугаарт, 250-300 мянган хүн амьжиргааны нэн хүнд нөхцөл рүү богино хугацаанд шилжих эрсдэлтэй байна. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид эрсдэл даах чадвар маш бага. Тиймээс иргэдийн орлогыг хэвийн түвшинд хадгалах зорилгоор хуулийн төсөл санаачилсан.

-Хэдий хугацааны дараа эдийн засагт хүндрэл учирч болзошгүй гэж харж байна вэ?

-Коронавирусийн тархалт дөрөвдүгээр сард улам идэвхжих хандлагатайг олон улсын байгууллагаас мэдээлж байгаа. Тиймээс хосолсон арга хэмжээ авах санал тавьсан. Дөрөв, тавдугаар сараас өмнө шаардлагатай арга хэмжээ авахгүй бол иргэдийн орлого эрс буурна. Хэвийн хэмжээнд байлгах ямар гарц байгааг бид судалж байна. Засгийн газарт удахгүй танилцуулна. Ташрамд дурдахад, нүүрсний борлуулалтын орлогоос бүрдсэн 700 гаруй тэрбум төгрөгийг Ирээдүйн өв санд хуримтлуулсан гэдгийг Сангийн сайд мэдэгдсэн. Үүнийгээ шаардлагатай тохиолдолд ашиглахаас аргагүй. Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай. Тэдний үйл ажиллагааг шүүмжлэх гэсэнгүй, шинэлэг санаа, хувилбаруудаа санал болгож байгаа юм.

-Бодлогын хүүг бууруулсан нь зөв алхам мөн үү. З.Нарантуяа гишүүн санхүүгийн зах зээлийн салбарыг удирдаж байсныхаа хувьд хариулахгүй юү?

-Монголбанк бодлогын хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулсан. Гэхдээ тахлын үед эдийн засгаа удирдах өөр хувилбар гаргах ёстой. Төвбанкнаас арилжааны банкуудын төлбөрийн чадварт тавих шаардлагаа нэлэнхүйд нь бууруулсан нь зохимжгүй. Эрсдэлт бүлэг рүүгээ чиглэсэн бодлого баримтлах ёстой. Тодруулбал, хоёр банк хоорондоо зээл шилжүүлэх бичилт болон барьцаа хөрөнгө шилжүүлэх гэрээ хийснээр 10-20 хувийн хүүтэй зээлдэгч 17 хувийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг. ЖДҮХС-гаас гаргасан зээлийн 40 хувь нь чанаргүй. Тиймээс шинэ эх үүсвэр бий болгоход анхаарсан нь бидний өргөн барьж буй хуулийн төслийн бас нэг зорилт. Цаашид иргэдийн орлогын түвшин хэрхэн өөрчлөгдсөнийг судлан хэлэлцэж, үе шаттай арга хэмжээ авахыг шаардана.

-Сонгууль хойшлуулах тухай хэлэлцсэн гэв үү?

-Хойшлуулахад тодорхой шалтгаан хэрэгтэй. Монголд онц байдал зарлаагүй учраас сонгууль хойшлуулах нөхцөл бүрдээгүй. Нөхцөл байдал цаашид хэвийн үргэлжилбэл сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулах ёстой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)