АН ба Ерөнхийлөгчийн нүүдэл

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхмүүдийн нэр ирэх долоо хоногийн төгсгөлд буюу энэ сарын 6-нд албан ёсоор тодорно. Энэ бол намууд нэр дэвшигчээ тодруулах эцсийн хугацаа. МАН-аас тус намын дарга М.Энхболд өрсөлдөх нь анхнаасаа тодорхой байсан. Хэдийгээр хүрд эргүүлэх боломж гурван намд бий ч гол өрсөлдөөн МАН, АН-ын хооронд болно. Тиймээс АН-ынхан хэнийг түүний өрсөлдөгч болгон илгээх вэ гэдэгт олон нийтийн анхаарал төвлөрч буй. Харин үүнийг шийдэх эрх нь үнэндээ С.Эрдэнэ дарга, “Шонхор” фракц болон Төрийн тэргүүнд бий. АН-ын хувь заяаг алсаас удирддаг гэгддэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид дараагийн Төрийн тэргүүн хэн байх нь маш их хамаатай. Тэр Н.Энхбаярын гунигт түүхийг давтахыг хүсэхгүй. Тиймээс “өөрийн” хүнээ тодруулахыг бодно. Энэ ч зорилгоор нүүдлээ хийгээд эхэлжээ.

СУНГАА ХИЙНЭ, ХИЙХГҮЙ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны ахалсан ажлын хэсгийнхэнд Н.Алтанхуяг, Л.Болд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, Б.Жаргалсайхан, Р.Амаржаргал, Д.Дорлигжав, Х.Баттулга нарын найман хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ. С.Эрдэнэ тус намын даргаар сонгогдсоныхоо дараа “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сунгаагаар тодруулна” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, намын даргаа тодруулсан зарчим ёсоор бүх гишүүнээсээ асууна гэсэн үг. Гэвч сүүлийн үед сунгаа хийхгүй, тийм цаг хугацаа ч байхгүй гэсэн тайлбар сонстох болсон юм. Анхан, дунд шатны удирдлагын түвшинд санал хураагаад, хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийг ҮБХ-оор хэлэлцэнэ, тэндээс нэгийг нь тодруулаад, Их хурал руугаа оруулж батламжилна гэсэн хувилбар дээр бараг тогтоод байв. Тэгвэл энэ хувилбар нэг шалтгаанаас болоод өөрчлөгджээ. АН-ын дарга С.Эрдэнэ нэр дэвших хүсэлтэй хүмүүсээ өнгөрсөн долоо хоногт уулзалтад урьсан байна. Үүнд тус намын удирдлагуудаас гадна Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар л очсон юм байх. Энэ үеэр бүх гишүүний саналаар нэр дэвшигчийг тодруулах сунгаа явуулахгүй гэдгээ С.Эрдэнэ дарга дуулгасан аж. Гэвч Дээд шүүхэд бүртгүүлсэн тус намын шинэ дүрэмд нэр дэвшигчийг бүх гишүүний саналаар тодруулна, хамгийн олон санал авсан хүний нэрийг Их хуралд оруулж батламжилна гэсэн заалт байгааг нэг нь сануулсан гэнэ. Дүрмээ баримтлахгүй бол АН нэр дэвшигч ч үгүй, сонгуульд ч оролцсон юмгүй хоцорно гэдгийг “Шонхор”-ынхон “мартчихаж”. Нэлээд маргалдаж, ярилцсаны эцэст “Дүрмээ баримтлахгүй бол болохгүй юм байна” хэмээн тохирсон байна. Сунгаа явуулна, явуулахгүй гэж эргэлзсээр арай гэж нэг тийшээ шийдсэн учраас нэр дэвшигчдэд сурталчилгаа хийх хугацаа байхгүй. Ингээд энэ сарын 5-нд бүх гишүүнээсээ санал хураахаар тохирсон гэнэ. Гэхдээ саналын хуудсанд хэн хэний нэр бичигдэх нь ирэх сарын 2-нд эцсийн байдлаар тодорхой болно. Нэрээ татах, өөрчлөлт оруулах сүүлийн хугацаа юм.

“Шонхор”-ынхон З.Энхболдыгоо зүтгүүлэхээр тохиролцсон тухай манай сонин өмнө нь мэдээлсэн. Энэ тохироо гэнэт мартагдчих учиргүй. Тиймээс Х.Баттулга нэрээ татаж, оронд нь З.Энхболд орж ирэх нэг хувилбар бий гэнэ. Хэдий Төрийн тэргүүнд санаатай ч АН-ын хувьд “гаднын” хүн болох Б.Жаргалсайханыг энэ намын энгийн гишүүдийн олонх дэмжих нь юу л бол. Мөн “МоАН санаачилга”-ын төлөөлөл болох Г.Батхүү, Л.Болд хоёрын нэг нь замаасаа буцах магадлалтай.

БООЦОО ХЭНИЙ ТАЛД ВЭ

АН-ын удирдлагын багийг “базаж” буй “Шонхор”-ынхон сунгаа хийхгүй гэсэн чиг баримталж байсан нь учиртай аж. Тэд, мөн Төрийн тэргүүнд нэр дэвшихээр горилж буй Р.Амаржаргал дээр бооцооны дийлэнхийг тавьжээ. Хэнийг нэр дэвшүүлбэл ялах магадлалтай вэ, нөгөө талаар ашигтай бол гэдгээ тооцож буй нь мэдээж. Зангарагтай улстөрч хэмээн олон нийт үздэг энэ эрхэм тун боломжийн хувилбар. Мөн бусад горилогчоо бодвол нэр цэвэр. Гэвч нам дотроо дэмжлэг султай. Сунгаа явуулбал Н.Алтанхуяг гараад ирэх магадлал нь өндөр. Тус намын даргын сунгаанд тэрбээр хоёрдугаарт орж, байр сууриа харуулсан юм. Энэ эрхэм нэр дэвших нь цөөнгүй хүнд таалагдахгүй. Ялангуяа тэрбээр төр үймүүлсэн олон будлианы эзнээр Төрийн тэргүүнийг шууд нэрлэчихсэн. Тиймээс Ерөнхийлөгч лав түүнийг дэмжихгүй. Бүх гишүүний санал асуулгаар түүнийг гарч ирэхээс сэргийлж, сунгаа хийлгүйгээр, анхан, дунд шатны удирдлагын түвшинд санал аваад ҮБХ- ны хуралдаанд хоёр хүний нэр оруулж, нэгийг нь Их хурлаас батламжилж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр “олонх” төлөвлөсөн байжээ. Гэвч энэ хувилбар дүрэмд нь нийцсэнгүй. АН-аас олон хүн горилж, нэгнийхээ саналыг хуваах нь МАН-д ашигтай тухай бид мэдээлсэн. Үнэндээ Төрийн тэргүүн МАН-ын дарга М.Энхболдыг “орныхоо хүнээр” хэдийнэ тодруулчихсан тухай яриа бий. Өөрөөр хэлбэл, тэдний дунд тохироо хийгдчихсэн гэсэн үг. Гэвч МАН доторх үйл явдал болон М.Энхболдын харилцаанаас үүдэн тэд түнжин муудсан сурагтай. Тиймээс л Ерөнхийлөгч хоёр дахь хөзрөө бэлдэж эхэлсэн нь Р.Амаржаргал гэнэ. Зөвхөн М.Энхболд, Р.Амаржаргал нар тулбал эхнийх нь ялах магадлал өндөр. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяртай Төрийн тэргүүн уулзаж, түүнийг нэр дэвшүүлэх боломжийг хангах, үүний тулд прокуророос “БНСУ-д эмчлүүлж байсан хугацааг эх орондоо байснаар тооцно” гэсэн агуулгатай албан бичиг гаргаж өгөх тохиролцоо хийсэн гэх мэдээлэл байна. Уг бичгийг үйлдсэн, эсэх нь одоогоор тодорхойгүй. Н.Энхбаярын зорилго бол М.Энхболдын саналыг хуваах. Энэ завсраар АН-ын нэр дэвшигч, тэр дундаа “бооцоот хүн” гарч ирнэ гэж төлөвлөжээ. Харин одоо сунгаа явуулж, бүх гишүүнээс санал авахад Н.Алтанхуяг гараад ирвэл яах вэ. Тэгвэл Төрийн тэргүүн М.Энхболдыг дэмжих эхний хувилбараа идэвхжүүлэх биз ээ. Үйл явц хэрхэн өрнөх нь удахгүй тодорхой болно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)