АН: Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналаа хүргүүлсэн

УИХ дахь АН-ын зөвлөл ээлжит хурлаа хийж, хэлэлцсэн асуудлын талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. Хятад улсын иргэд олноороо нууцаар, зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байсан нь илэрсэнтэй холбоотойгоор тэд зарим байгууллагын мэдээллийг хаалттай сонсож, санал солилцсон байна. Гишүүн Д.Эрдэнэбат “Тэдгээр иргэн нэг газраас бөөнөөрөө жуулчны виз авсан нь анхаарал татаж байна. Нөгөө талаас цахим сүлжээний ашиглалт, хамгаалалт хяналтаас гарчээ. Мөн 1.5 тэрбум орчим төгрөг баривчилгааны үеэр хураасан гэх мэдээлэл бий. Энэ нь мөнгө угаах үйл ажиллагааг цахим сүлжээний бүлэглэлийнхэн хийж байгааг харууллаа” гээд хууль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг онцолсон. Хятадын 800 иргэнд Хөх хот болон Эрээний консулын газраас виз олгосон тухайд гишүүн Д.Эрдэнэбат “Холбогдох байгууллагаас авсан мэдээллээр Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас жуулчлалын ангиллын 30, бизнесийн 94, Хөх хотын Консулаас жуулчлалын 566, бизнесийн 48, Бээжин дэх Элчин сайдын яамнаас жуулчлалын ангиллын 41, Хонконгийн консулын газраас бизнесийн ангиллаар дөрвөн виз тус тус авсан байна. Үндсэндээ Хөх хотоос дийлэнхийг нь авсан байгаа юм. Монголоос ямар нэг урилга явуулахгүйгээр бүлэг жуулчны визийг хүссэнээр нь олгодог Засгийн газрын тогтоол гаргасан байна. Жуулчдын визийг нэг удаа бөөнөөр нь олгосон” гэх мэдээлэл өгсөн юм.

Мөн ирэх оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон талаар ярилцсан байна. Улмаар уг хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах, үүсээд буй нөхцөлийг хэрхэн шийдвэрлэх талаарх саналаа Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлсэн гэнэ. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дээр нэмж давхар татвар ногдуулах байдал үүссэн гэж тэд үзэж буй юм байна. Тиймээс давхар татвар авахгүй байх ёстой гэж үзэж, УИХ-аас байгуулах ажлын хэсэгт гишүүн З.Нарантуяаг ажиллуулахаар санал нэгджээ. Гишүүн З.Нарантуяа “Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн өмнөх зохицуулалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ АМНАТ төлдөг байсан бол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд АМНАТ төлөгч байхаар тусгасан нь алдаа. Тодруулбал, АМНАТ-ийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан, нэмүү өртөг шингээсэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах нөхцөл үүсгэсэн. Энэ нь дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгч иргэдийг дэмжих агуулгагүй. Харин ч улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах, түүний тогтвортой байдлыг бий болгох, цаашлаад үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд сөрөг үр дагавар үүсгэнэ” гэв.

Үүнээс гадна Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар зөвшилцөх ажлын хэсэг хуралдаагүйг дуулгалаа.

Д.Тогтохсүрэн: Хоёр хүнд хариуцлага тооцоод дуусахгүй болов уу

МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, 2020 оны улсын төсвийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлт болон зарим Элчин сайдыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцжээ. Ирэх оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан бөгөөд 20 гаруй гишүүнтэй. Тус ажлын хэсгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахлах юм байна. Тэрбээр бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийсэн юм. 

Төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг гурван удаа хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан хувилбарын заалтууд дээр нэмж хэд хэдэн санал боловсруулсан гэнэ. Төсвийн тухай хуулийн дагуу УИХ Засгийн газрын өргөн барьсан төсөлд тусгасан орлого, зарлагын хэмжээг нэмэгдүүлэх эрхгүй. Ердөө тодорхой тооны саналын хүрээнд зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлж болно. Ажлын хэсгийн боловсруулаад буй төслөөс харвал нийт 250 тэрбум төгрөгийн зардал бууруулж, мөн тэр хэмжээгээр хөрөнгө оруулалт нэмэгдүүлэхээр буй аж. Үүний хүрээнд зарим томоохон эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, гурван ээлжээр хичээллэж буй нийслэлийн зургаан сургуулийг хоёр ээлжийнх болгох, Улаанбаатарт зам, тээвэр, хот байгуулалтын чиглэлээр тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэхэд дээрх хөрөнгө оруулалтыг зарцуулахаар санал боловсруулаад байгаа юм байна. Уг саналыг нь бүлгийн гишүүдийн олонх ч дэмжжээ. Түүнчлэн тэрбээр “Хавдрыг эрт оношлох чиглэлээр хууль баталсан. Үүнтэй холбоотойгоор эрт илрүүлэг, оношилгоонд нэлээд их санхүүжилт төсөвлөсөн. Мөн нийслэлээс сонгогдсон гишүүдийн байнга тавьдаг санал бий. Нийслэлийн төвлөрүүлж буй 319.3 тэрбум төгрөгийн орлогыг багасгах хүсдэг. Гэхдээ үүнийг багасгах боломжгүй байгаа юм. Хэрвээ бууруулбал Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай” гэж байлаа.

Үүнээс гадна ОХУ-д Д.Даваа, Кубад Ш.Батцэцэг, Польшид Б.Дорж, Шведэд Т.Жанабазар, Тайландад А.Төмөр, НҮБ-ын дэргэд В.Энхболд нарыг Элчин сайдаар суулгах саналыг дэмжсэн байна.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Төсвийн зардлыг бууруулахдаа аль салбарынхаас хасахаар ярьж байна вэ?

-Он дамжин яригдаж байгаа зарим хөрөнгө оруулалтын санхүүжилтийн дүнг бууруулан, хасахаар төлөвлөж байна.

-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон талаар хэлэлцсэн үү?

-Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооныхон энэ чиглэлээр ажиллаж байгаа. Маргааш (өнөөдөр) Эдийн засгийн байнгын хороо холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Энэ долоо хоногт багтаан шийдвэрлэхээр төлөвлөж байна.

-Ирэх оны төсвийн төсөлд аймгуудын хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна хэмээн маргаж байна. Шүүмжлэл дагуулж байгаа зарим аймгийн төсвийг бууруулах уу?

-Хэнтий аймгийн төсөв нэмэгдсэн тухайд гурван үндсэн шалтгаан байгаа юм байна. Аялал жуулчлалын бүс болгохтой холбоотойгоор Хэнтий-Дадал, Бэрх, Бор-Өндөр чиглэлийн авто замын хөрөнгө оруулалт төсвийн дүнг өндөр болгож байгаа. Монгол Улс аялал жуулчлалын шинэ бүс нээх, дэд бүтцийг бий болгох бодлого, чиглэл баталсан шүү дээ.

-Энэ долоо хоногт Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох талаар хэлэлцэнэ. Сангийн сайдад хариуцлага тооцох уу?

-Ер нь олон улсын нэр бүхий байгууллагын “саарал жагсаалт”-д Монгол Улс орсонтой холбоотойгоор Засгийн газар олон удаа хуралдаж, ярилцаж байгаа. Хариуцлагын асуудал энэ хоёр хүнээр дуусахгүй болов уу.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар зөвшилцөх ажлын хэсгийн саналыг хэзээ сонсох вэ?

-Зөвшилцлийн ажлын хэсэг эцсийн шийдвэрээ гаргаагүй учраас бүлгээр хэлэлцэх боломжгүй байна. Маргааш (өнөөдөр), нөгөөдөр зөвшилцлийн ажлын хэсгийн хуралтай. Ингээд ирэх долоо хоногийн даваа гарагт бүлгээрээ энэ талаар ярилцана. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хэрхэн явуулах, АН-ын саналуудыг хүлээж авах, эсэх талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)