АНЭУ-ын Холбооны үндэсний зөвлөлийн даргыг Монгол Улсад айлчлахыг урилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд ОУПХ-ны 136-р чуулганд оролцож буй Арабын Нэгдсэн Эмират Улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Аль Кубаиситай уулзлаа.

УИХ-ын дарга М.Энхболд “Та бид хоёр Абу Дабид гурван сарын өмнө уулзаж, парламент хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж байсан. Манай Эрчим хүчний сайд АНЭУ-д болсон сэргээгдэх эрчим хүчний олон улсын уулзалтад, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Азийн улс орнуудын гадаад бодлогын XV яриа хэлэлцээнд, Хууль зүй, дотоод хэргийн сайд танай Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайдын зохион байгуулсан уулзалт арга хэмжээнд оролцлоо. Энэ бол харилцаа илүү идэвхтэй болж буйн илэрхийлэл юм” гэв.

Тэрбээр хатагтай Аль Кубаисид хандан Монголын уул уурхай болон бусад салбарт Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан, бусад байгууллагаас хөрөнгө оруулах асуудлыг судлах ажлын багийг Монголд ирүүлэхэд анхаарлаа хандуулна уу. Таныг Монголд айлчлахыг урьсан урилгаа энэ удаа дахин нотолж байна. Таны айлчлал Монгол Улс, АНЭУ-ын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал алхам болно гэлээ. Түүнчлэн АНЭУ-д 2020 онд болох ЭКСПО-д оролцоно уу гэсэн урилга танайхаас ирсэн. Манай улс оролцоно. Эдийн засгийн хүндрэлийг арилгахад тус дэм болохуйц томоохон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар манай Ерөнхий сайд танай Засгийн газарт хүсэлт илгээсэн. Тодорхой санал илэрхийлсэн хариу ирнэ гэдэгт найдаж байна гэж нэмж хэлэв.

Хатагтай Амал Абдулла Аль Кубаиси “Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх, илүү үр ашигтай болгох чиглэлээр Монгол Улсын Их Хурлын дарга Таны гаргаж буй хүчин зүтгэлийг бид өндрөөр үнэлдэг” гэж үгийнхээ эхэнд онцлов. Тэрбээр Эмиратын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд биечлэн анхаарч, Эдийн засгийн асуудал хариуцсан сайд болон холбогдох албаны хүмүүст чиглэл өгье. Түүнчлэн Монголын бизнесийн төлөөлөгчид Эмиратад ирж, манай хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийгээсэй гэж хүсэж байна гэв.

Манай хоёр орны итгэлцэлд суурилсан найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам гүнзгийрэн хөгжинө гэдэгт би огт эргэлзэхгүй байна гэж уулзалтын төгсгөлд хатагтай Аль Кубаиси хэллээ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)