Анх удаа ноолуурын форвард арилжаа хийв

Хөдөө аж ахуйн биржид өчигдөр анх удаа форвард арилжаа хийв. Ингэснээр малчид ямаагаа самнахаас гурван сарын өмнө дээрх биржээр дамжуулан ноолуураа зарж, үнийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл, ченжийн гар дамжуулалгүйгээр шууд үйлдвэрт борлуулах аж.

Арилжааны нээлтээр долоон хэлцэл хийгдэж, кг нь 80-135 мянган төгрөгийн дүнтэйгээр 11.5 тонн боловсруулаагүй ноолуурыг форвард буюу урьдчилсан захиалгаар арилжсан байна. Мөн 500 сая төгрөгийн ноолуурыг “Монголиа кашмир ворлд” компани Хэнтий аймгийн “Эмхбум” ноолуурын хоршооноос авахаар гурван талт хэлцэл хийв. Тус компани ирэх жилийн хугацаанд форвард арилжаагаар хоёр тэрбум төгрөгийн ноолуур худалдан авахаар төлөвлөжээ.

Форвард арилжааны захиалга ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжлэх гэнэ. Захиалагч компани урьдчилгаа төлбөрөө байршуулснаар малчид захиалгыг нь бэлтгэн дөрөвдүгээр сарын 12-20-нд хүргэх юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)