Анхны цас орсон шөнө Улаанбаатарт харьцангуй тайван байлаа

Цас орсон лхагва гаргийн жиндүүхэн шөнө нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах үүрэг авсан Тээврийн цагдаагийн албаныхантай хамт аравдугаар сарын 2-3-нд шилжих шөнө хотын гудамж, замд эргүүл хийлээ. Хүйтэн салхи исгэрч, хацар хайрна. Гадаа хүйтэн болсон болоод тэр үү нийслэл хотын хөдөлгөөн нам гүм байсан юм.

Биднийг очсон даруйд л машинаасаа үсрэн бууж, хөл дээрээ ч тогтож чадахгүй байж “Та нарт машиныхаа дугаарыг үзүүлэхгүй” хэмээн хэл ам нь тултирсаар автомашиныхаа дугаарыг сугалах нь тэр.

2019.10.02-ны 23.00 цаг. “Өлзийт тосгоны шалган нэвтрүүлэх цэгт шалгалт хийж байна” гэсэн мэдээллийн дагуу тийш жолоогоо заллаа. Төрд тангараг өргөсөн мөрдэстэй цагдаа нар намрын хүйтэн шөнө цаг агаарын бэрхшээлийг үл ажран ажлаа үргэлжлүүлсээр. Налайхын зам засварын ажлаас болоод ачаалал нь хоёр дахин ихэссэн гэх төв аймгийн зам төсөөлснийг бодвол хөл хөдөлгөөн багатай байв. Тэнд хүний “чих дэлдийлгэж”, сонирхол татах зүйл болсонгүй. Шалгасан машин бүрийн тээш, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, бичиг баримт гээд нэгд нэгэнгүй шалгахад ямар нэг зөрчил илэрсэнгүй. Энэ бол сайн мэдээ. Учир нь жолооч нар техникийн болон баримт бичгийн бүрэн байдлаа хангадаг болжээ.

2019.10.03-ны 00.30 цаг. “Хөшигийн хөндийн тууш замд согтуугаар машин барьж явсан жолоочийг илрүүллээ” хэмээн богино долгионы станцаар мэдээлэл ирэв. Тэнд хүрч очиход гурван жолооч архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нь тогтоогдсон байлаа. Нэг нь хийсэн хэрэгтээ гэмшин ээж, аавдаа загнуулсан хүүхэд шиг “бүлтгэнэн” зогсов. Өөр нэг жолоочийн машиныг ачиж байгаа харагдав. Гурав дахь нь “Мерседес-бенз G500” машинаасаа буулгүй их л пээдгэр байдлаар цагдаа нартай ярилцаж байлаа. Биднийг очсон даруйд л машинаасаа үсрэн бууж, хөл дээрээ ч тогтож чадахгүй байж “Та нарт машиныхаа дугаарыг үзүүлэхгүй” хэмээн хэл ам нь тултирсаар автомашиныхаа дугаарыг сугалах нь тэр. Цагдаагийн алба хаагчид жолоочийн согтолтын зэргийг тогтоохоор үлээлгэх гэсэн боловч шаардлагыг нь биелүүлсэнгүй. Энэ тохиолдолд хуулийн дагуу дараагийн арга хэмжээ авах бүрэн эрх нь цагдаа нарт байгаа. Согтуу жолооч “Та нар миний эрхэд халдаж байна. Би хуульч хүн, хуулиа мэднэ. би үлээхгүй” гэсээр байв. Бүр сүүлдээ “Ах нь ингээд явчихъя. Ямар ч асуудалгүй харьж чадна” гэх нь тэр. Ийш тийш утас цохиж, арай ядан тэнцвэрээ олж байж шаардлага биелүүлээгүй тайлбар тавьсаар байлаа. Тэгсээр байтал бид дараагийн газар луу явж, эрхээ мэддэг ч, үүргээ ухамсарладаггүй тэр жолооч согтолтын зэргээ тогтоолгохоор үлдсэн.

Үүний дараа Дэнжийн 1000 дахь Албадан саатуулах, баривчлах байраар орлоо. Үүдээр шагайхад л хамар сэтлэм эвгүй үнэр сэнхийв. Эрүүлжүүлэх байранд өөрийн буруугаас болж ирсэн хүн нэг ч алга. Бүгд л “Зүгээр явж байхад цагдаа гавлаад аваад ирлээ. Монголын цагдаа иргэнээ хайрлахгүй байна” гэж дүвчигнэнэ. Тэд өөрийн үйлдлийг санамсаргүй, санаатай биш хэмээн хаацайлахыг оролдож байв. 00.00 цагаас хойш архи худалдан авахын тулд дэлгүүрийн шилэн хаалгыг цөм өшиглөчихөөд “Зөөлөн нүдээд, онгойхгүй байхаар нь өвдгөөрөө ёворчихсон чинь хагарчихсан” гээд хээв нэг зогсож байгаа согтуу эр ч байна. Энд 01.20 цагийн байдлаар 45 хүн хонож байв. Бусад өдрүүдтэй харьцуулахад хоёр дахин бага ачаалалтай байна гэж жижүүрийн цагдаа хэллээ. Гэсэн хэдий ч буруугүйгээ нотлохыг оролдож буй хөлчүү хүмүүсийн дуу тэнгэрт хадах нь чихэнд чийртэй. Саатуулах байранд байсан зарим залуу “Би яагаад энд ирчихсэн юм бэ” хэмээн гайхах, айх зэрэгцэн лавлаж байв. Зарим нь гэртээ, дулаахан хөнжилдөө унтаж байгаа юм шиг л хурхирах нь сонсогдоно. Үлдсэн хүмүүс нь “үйлчилгээндээ” сэтгэл хангалуун бус байгаа бололтой “Нэмээд ганц бүтээлэг өгчих л дөө” хэмээн гуйж зогссон.

Бэлтгэсэн: Б.Мөнхбаатар


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)