Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласан нь


Үндсэн хууль нь эцсийн дүндээ эрх чөлөөг эрмэлзэх хүний төрөлхийн зан чанараас үүдэлтэй бөгөөд олонх судлаачдийн санал нэгддэг нийтлэг ойлголтын хувьд “Улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөг бататгасан, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим дээр үндэслэгдсэн хуулиудын хууль бүхий дээд хүчин чадалтай улс төр, эрх зүйн баримт бичиг" хэмээн тодорхойлдог. 1924 оны зургадугаар сарын 3-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв хорооны тэргүүлэгчдийн хурал улс оронд Бүгд Найрамдах засаг тогтоох тухай шийдвэр гаргасныг Төв хорооны бүгд хурлаар хэлэлцэн баталж, “харьяат Бүгд Найрамдах ардын засгийг явуулж, … улсын бүх дээд эрхийг Улсын их хурал, мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална” гэж тогтоожээ. Энэ дагуу БНМАУ-ын Анхдугаар хурал хуралдаж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Ардын бүрэн эрхт Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, анхдугаар Үндсэн хуулиа баталсан билээ. Уг Үндсэн хуулийн нэг дүгээр зүйлд: “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхт Ард Улс гэж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын их хурал, тус хурлаар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийтгүүлэх явдлыг нийтээр сүсэглэн дагавал зохино” хэмээн заасан.


Ийнхүү манай улс ХХ зууны хүн төрөлхтний улс төрийн дэвшилт үзэгдэл Бүгд Найрамдах байгуулалд шилжин орсон Ази тивийн анхны улсын нэг болов. Мөн Монгол Улс түүхэндээ анх удаа Бүгд Найрамдах байгууллыг тунхагласан Үндсэн хуультай болсон байна.Түүх сөхвөл Улсын анхдугаар Их хурал 1924 оны есдүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн урианхай хошууд, дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 нь оролцжээ. Анхдугаар Их хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ. Хуудас бүр дээр нь “Ардын эрхт Монгол Улсын Хурлын тамга” гэсэн дөрвөлжин тамга дарсан Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 18 хуудас эх бичиг, тус Үндсэн хуулийн зүйл заалтыг тайлбарласан 72 хуудас тайлбар сэлтийн хамт эдүгээ Архивын ерөнхий газрын сан хөмрөгт хадгалж байна. Анхдугаар Үндсэн хуулийн эх бичгийн сүүлийн хуудсанд “Монгол Улсын 14 дүгээр оны аравдугаар сарын 30 бөгөөд аргын улирлын арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн үдийн хойт 04 цаг 17 минутад энэхүү Үндсэн хуулийг Улсын анхдугаар Их хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд батлав. Хурлын дарга Жадамба, дэд дарга Бадрах, нарийн бичгийн дарга Гэлэгсэнгэ, Дугаржанцан” хэмээжээ. 


Монгол Улсын анхны Үндсэн хууль нь 6 бүлэг, 50 зүйлтэй. Анхны Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлд “Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээж, улсын дээд эрхийг жинхэнэ ардад эдлүүлэн, улсын аливаа хэргийг Улсын Их хурал ба мөн хуулиар сонгогдсон Засгийн газраас гүйцэтгэн шийдвэрлүүлэх явдлыг нийтээр сүслэн дагавал зохино” хэмээжээ. Энэ нь тухайн цагт хоёр их гүрний дунд оршиж байсан жижиг, буурай Монгол орны хувьд өөрийн тусгаар тогтнолоо олох маш том алхам байв. Монголчууд туурга тусгаар улс болсноо дэлхий дахинд тунхаглан зарласан талаарх мэдээлийг Америкийн “Нью Йорк таймс” сонинд нийтлэн дэлхийн олон орны сонорт хүрсэн түүхтэй..Аливаа улсын тусгаар тогтнол нь Үндсэн хуулиараа баталгаажиж байдаг. Тиймээс анхдугаар Үндсэн хуулиа баталсны ач холбогдол ч тусгаар тогтнолын дайтай үнэ цэнэтэй юм. 


Анхдугаар Үндсэн хуульд “... улсын дээд эрхийг жинхэнэ ардад ... эдлүүлж”, “Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгэх явдлыг хүндэтгэнэ” хэмээн тунхагласан энэхүү заалт одоо ч утга агуулгаа хадгалан ардчилсан шинэ Үндсэн хуульд оршсоор байгаа билээ. Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх заалт оруулсан энэ цагаас эхлэн улс орон, ард түмний аж амьдралд олон дэвшилт өөрчлөлт гарчээ. Улсын хувь заяатай холбоотой асуудлыг нэг хүний үзэмжээр бус нийт ард түмний хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломж бүхий засаглалыг бүрдүүлсэн нь анхдугаар Үндсэн хуулийн түүхэнд гүйцэтгэсэн чухал үүрэг юм. Тусгаар тогтносон Монгол Улсын 14 дүгээр он буюу 1924 оны энэ өдөр Бүх Монгол Улсыг үүнээс хойш Бүгд Найрамдах Бүрэн Эрхтэй Ард Улс хэмээн дотоод ба гадаадад тунхаглан зарлаж, хуульчлан бататгаажуулсан нь ХХ зууны түүхэн дэх онцгой үйл явдал хэмээн үздэг.Тиймээс хоёр их гүрний дунд оршин тогтнодог Монгол Улсыг тусгаар тогтносон улс болоход томоохон хувь нэмэр оруулсан анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан энэ өдрийг Монголын ард түмэн бүх нийтээрээ тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.Энэхүү Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтын талаар судлаачдын дунд янз бүрийн маргаан байдаг ч энэхүү Үндсэн хууль нь Монголын түүхнээ анх удаа хаант ёсыг эрх зүйн хэм хэмжээгээр тайван замаар халж, үндэсний ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн чухал зарчмууд, улс төрийн байгууламжийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулж, төр улсынхаа тусгаар тогтнолыг дэлхий дахинд тунхагласан түүхэн ач холбогдолтой чухал баримт бичиг мөн болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрдөг. Түүнчлэн Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, Азид анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан Өрнө, Дорно дахинаас анх түрүүн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдрал, нийгмийг ардчилах үйлсэд цоо шинэ үзэгдэл болсныг түүхч, судлаачид онцлон тэмдэглэсэн байдаг.Анхдугаар Үндсэн хуулиар анх удаа төрийн эрх мэдлийн хувираалилтыг ардчилсан зарчмаар дэлхий нийтийн жишигт нийцүүлэн зохистойгоор бүрдүүлэх үүднээс төрийн эрх барих дээд байгууллагыг хоёр танхимтай хууль тогтоох байгууллагын тогтолцоонд шилжүүлж, гүйцэтгэн захирамжлах байгууллагыг байгуулан, тэдгээрийн эрх хэмжээг тодорхойлсон юм. Үүгээрээ Улсын Их хурал, Улсын Бага хурал, түүний Тэргүүлэгчид болон Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагуудын эрх хэмжээ, харилцан хамаарлын эрх зүйн үндсийг анхлан томьёолсны зэрэгцээ төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ард иргэдийн сонгуулийн эрхийн оролцоог хүйсийн ялгаваргүйгээр хуульчлан Бүгд Найрамдах засаглалын хэлбэржилтийг бодитойгоор илэрхийлэх оролдлогыг хийснээрээ түүхэн чухал ач холбогдолтой баримт бичиг юм.Анхдугаар Үндсэн хууль нь:

• Улсын тусгаар тогтнолыг бататган, иргэдийн эрх, эрх чөлөөг бэхжүүлсэн,• Хамжлагат ёс, сэтгэлгээг халж, иргэн ба төр гэсэн харьяат хамаарлын эрх зүйн үндсийг анх удаа тодорхойлсон,• Энгийн ардад хувийн болон улс төрийн эрх, эрх чөлөөг олгож, ардын эрхт шинэ дэглэмийг хуульчилсан,

• Нийгэм, төрийн байгуулал, эдийн засгийн үндэс, гадаад, дотоод бодлогын чиглэлийг тодорхойлсон,

• Итгэл үнэмшилтэй байх, шүтэн бишрэх, эвлэлдэн нэгдэх, соён гэгээрэх зэрэг хүний заяамал эрхийг хүлээн зөвшөөрсөн,

• Төрийн байгууллын зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тогтоож, ард иргэдийн оролцоотойгоор төрөө байгуулан, хяналт тавих, тэдгээр байгууллага нь иргэдийн өмнө ажлаа тайлагнаж байх төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг хуульчилсан зэрэг нь тухайн үедээ эрх зүйн цоо шинэ сэтгэлгээ, үнэт зүйлс агуулсан байлаа.

Баримт дурдахад, тус Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлээр улсаа ардын эрхт Бүгд Найрамдах Улсаар тунхаглан, улсын дээд эрхийг ард иргэдэд эдлүүлж, улсын аливаа хэргийг тэдний төлөөллөөр байгуулсан Улсын Их хурал, түүнээс томилсон Засгийн газар гүйцэтгэж байхаар тусгагдсан нь ардчиллын язгуур амин сүнсийг агуулж, цааш цаашдын Үндсэн хууль, хууль тогтоомжийн үндсэн суурь үзэл санаа болж, улам боловсронгуй болсоор өнөө цаг үетэй золгон, шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал болж, биеллээ олж иржээ.Анхдугаар Үндсэн хуулиар төрийн байгууллыг Улсын Их хурал, Улсын Бага хурал, түүний Тэргүүлэгчид, Засгийн газар, төв ба нутгийн захиргааны байгуулага гэсэн ерөнхий тогтолцоотойгоор хуульчилж, төрийн эрх мэдлийн хуваарилалт, эрх хэмжээг тогтоосон байна. Энэ нь улсын дээд эрх мэдлийн байгууллагын хүрээнд аймаг, сум, хот, ардын цэргийн тойргууд шат дараалан хурал зохион байгуулах ба түүнээс сонгогдсон төлөөлөгчид тухайн орон нутгийн хүн амын тооноос шалтгаан Улсын Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, жил бүр хуралдаж байхаар тогтоосон бөгөөд Улсын Их хурлын төлөөлөгчдийн гуравны нэг нь шаардсан тохиолдолд Улсын онц Их хурлыг зарлан хуралдуулж байхаар хуульчилжээ.Улсын Их хурал нь 30 гишүүнийг сонгож Улсын Бага хурлыг байгуулах бөгөөд Улсын Бага хурлын эрх хэмжээ нь Засгийн газрыг байгуулах, гишүүдийг томилох, чөлөөлөх, хянан шалгах, үүрэг чиглэл өгөх, хууль, дүрэм, тогтоол, тушаал гаргах, Улсын Их хурал болон Засгийн газрын хуралдааныг зарлан хуралдуулах өргөн эрх хэмжээтэй хамтын удирдлагын тогтолцоотой байгуулага юм. Улсын Бага Хурлын тэргүүлэгчид нь улсын дээд эрхийг Улсын Их хурлын чөлөө цагт бүрэн хэрэгжүүлж, тэд хууль санаачлах ганц субъектийн эрх эдлэхээс гадна Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын эрх хэмжээнд шууд оролцох, хянах, Засгийн газар, түүний байгууллагууд хоорондын болон тэдгээрээс шалтгаалан гаргасан иргэдийн гомдлыг шалган эцэслэн барагдуулах, зарим үед шүүхийн эрх мэдлийг хэрэгжүүлж, өршөөл уучлал үзүүлэх, ялыг хөнгөтгөх шийдвэр гаргахаар заажээ. Түүнчлэн Улсын Бага хурал нь жилд хоёр удаа хуралдах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Улсын Их хуралд тайлагнадаг байхаар хуульчлан тогтоосон байна.Харин Засгийн газар нь Улсын Их хурал, Улсын Бага хурлаас батлан гаргасан хууль, дүрмээр олгогдсон эрх хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тогтоожээ. Нутгийн захиргааны ерөнхий тогтолцоог аймаг, сум, баг, арван гэрийн нэгжид хувааж, тус бүр өөрийн удирдлагын хуралтай, гүйцэтгэх захиргааны газар, даргатай байхаар заасан бөгөөд Засгийн газрын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулахаас гадна улсын төрийн мөнгө, санхүүгийн бодлогыг эрхлэн гүйцэтгэх эрх хэмжээг тогтоож өгсөн байдаг нь нийгмийн шинэ харилцаанд шилжин, засаглалын байгууллагын эрх хэмжээ, уядаа холбоог ардчилсан зарчмаар зохицуулах гэсэн анхны оролдлого байсныг судлаачид онцолсон байдаг.

Анхдугаар Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд Үндсэн хуульт ёсыг тогтоож бэхжүүлсэн, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан, манай эрх зүйн тогтолцоонд Европын эрх зүйн соёлыг нэвтрүүлж хөгжлийн шинэ шатанд гаргасан анхдагч эх сурвалж болсноороо онцгой ач холбогдолтой юм. Нөгөө талаар энэхүү Үндсэн хууль нь дараа дараагийн Үндсэн хуулиудыг боловсруулан баталж гаргахад онол, арга зүй, практикийн асар их ач тус бүхий тулгуур суурь болж, өнөөгийн шинэ нийгмийн байгууламжийн үзэл санааны эхлэл болсон билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)