АНУ "Huawei" компанийн ажилчдыг өөрийн талд элсүүлэх оролдлого өргөнөөр хийж байна


АНУ-ын засгийн газар харилцаа холбооны Huawei компанийн ажилчдыг мэдээлэгчээр элсүүлэх гэж оролдсон тухай Politico сонин тус компанийн дотоод баримтад тулгуурлан мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр АНУ-ын засгийн газрын төлөөлөгчид Huawei-ийн ажилчдыг өөрийн талд элсүүлэх өргөн хүрээтэй ажиллагаа явуулсан аж. Тухайлбал АНУ-ын виз хүссэн тус компанийн ажилчдад маш их дарамт үзүүлсэн гэнэ. Үүнээс гадна Huawei-ийн ажилчдыг АНУ-ын хилийн шалганаар нэвтрэх үеэр тус компанийг ямар нэгэн зүйлд буруутгах мэдээллийг олох гэж тэдний гар утас, зөөврийн компьютерыг нь шалгасан байна. Америкийн агентууд өөрсдийгөө өмнө нь Huawei-д ажиллаж байснаар ярьж ажилчдын итгэлийг олохыг оролдсон аж. Өнгөрсөн даваа гарагт /2019.09.02/ Huawei компани АНУ нь Huawei болон түүний түншүүдийн хэвийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд олон янзын арга хэрэглэдэг гэж мэдэгдсэн. Жишээ нь компанийн болон түнш байгууллагын ажилчдыг “хууль бусаар нэгжиж, баривчилж”, “хууль сахиулах байгууллагуудад Huawei-ийнхныг айлган сүрдүүлж байгаад өөрсдийн талд элсүүлэх талаар зааварчилга өгөх ” аргыг онцолжээ. Ингэхдээ уг мэдэгдэлд тодорхой нотлох баримтыг дэлгээгүй байна. Харин Politico сонинд өгсөн баримтад тодорхой гурван явдлыг дурдсан аж. Гэвч тус сонин өөрийн эрэн сурваржлагыг явуулж чадаагүй аж. Энэ талаар АНУ-ын ХМТ, Төрийн департамент, Хууль зүйн яам ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)