АНУ ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэлээ

АНУ Израиль дахь ЭСЯ-аа Иерусалим хот руу нүүлгэн шилжүүллээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-нд Цагаан ордны тэргүүн Дональд Трамп Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрснийхөө дараа ЭСЯ-аа тус хот руу шилжүүлэхээ зарласан билээ. Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойн өдөр болсон ёслолд Д.Трампын охин Иванка Трамп, түүний нөхөр Жаред Кушнер, АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин нар оролцов. “Yedioth ahro­noth” сонинд мэдээлснээр ёслолд уригдсан 800 хүний 250 нь америк байжээ. Гэхдээ шинэ байр бүрэн ашиглалтад ороогүй учир Элчин сайд хэдхэн ажилтны хамт нүүж очсон гэнэ.

Палестинчууд Иерусалимыг улсынхаа нийслэл хэмээн үздэг. АНУ-ын ЭСЯ-ыг тус хот руу нүүлгэн шилжүүлэх болсныг палестинчууд эрс эсэргүүцэж, өнөө болтол жагссаар байна. Израиль байгуулагдсаны 70 жилийн ой гэдэг нь палестинчууд төрөлх газар нутгаасаа дүрвээд төдий хугацаа өнгөрч байна гэсэн үг. АНУ-ын ЭСЯ Иерусалим руу нүүж байгаатай холбоотойгоор эсэргүүцлийн жагсаалаа өргөжүүлж, палестинчууд, Израилийн хүчнийхний хооронд мөргөлдөөн болж магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

Дашрамд тэмдэглэхэд, Д.Трампын шийдвэрийн хариуд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Иерусалимыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцсэн тогтоолыг олонх буюу 128 улсын дэмжлэгтэйгээр баталсан. Уг баримт бичгийг Гватемал, Гондурас, Израиль, Маршаллын арлууд, Микронез, Науру, Палау, АНУ, Того гэсэн есөн улс дэмжээгүй. 25 улс түдгэлзсэн юм.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Америкийн дипломат төлөөлөгчийн газрыг Иерусалим руу шилжүүлж буйг “жинхэнэ баяр” хэмээн тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр ойрын хугацаанд АНУ-ын араас Гватемал, Парагвай улс ЭСЯ-аа Иерусалим руу нүүлгэнэ.

Сонирхуулахад, АНУ-ын Конгресс 1995 онд Иерусалим руу ЭСЯ-аа шилжүүлэх шийдвэр гаргасан нь тус хотыг Израилийн нийслэлээр хүлээн зөвшөөрсөн явдал болсон юм. Гэхдээ Д.Трампаас өмнө Төрийн тэргүүн нар уг шийдвэрийг хагас жилээр хойшлуулсаар ирсэн аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)