АНУ-ын 30 сая гаруй сонгогч саналаа урьдчилан өгчээ

АНУ-ын 30 242 866 иргэн ирэх сард болох сонгуулийн өмнө саналаа өгчээ. “United States elections project” цахим хуудсанд мэдээлснээс үзвэл сонголтоо хэдийн хийсэн иргэдийнхээ тоогоор Техас, Калифорни, Флорида, Умард Каролина муж улс тэргүүлж байна.

Флоридад даваа гарагт санал хураалт эхэлжээ. Салхитай, бороотой байсан ч сонгогчид саналаа өгөхөөр урт дараалалд зогссон гэнэ. Гол нөлөө бүхий тус муж улсын сонгогчид 2000 онд ердөө 537 саналаар Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөөх өрсөлдөөний хувь заяаг шийдэж байв.

Энэ удаа АНУ даяар шуудангаар дамжуулан сонголтоо хийхэд зориулан 28 сая гаруй саналын хуудас тараасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Цар тахлын нөхцөлд урьд нь санал хурааж байсан удаагүй. Тус улсын хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл саналаа урьдчилан өгсөн, Ардчилсан намд бүртгэлтэй сонгогчдын тоо бүгд найрамдахчуудаас хоёр дахин олон байж. Гэсэн ч сонгуулийн өдөр Д.Трампыг дэмжигчдийн тоо үүнээс олон болно гэж бүгд найрамдахчууд мэдэгдэж байна. Тэдний зарим нь Д.Трампын хэлсэнчлэн шуудангаар санал хураах нь луйварчдад ашигтай хэмээсэн ч үүний нотолгоо одоогоор байхгүй аж. Дэмжигчидтэйгээ уулзахдаа Д.Трампын мэдэгдсэнээр Охайод саналын 50 мянган хуудас сураггүй болжээ. Үүнийг нотолгоо шаардлагагүй луйвар хэмээн тэрбээр хэлсэн байна. Техникийн саатлын улмаас тийм олон хуудас тараагдсаныг тус муж улсын Сонгуулийн комисс эхлээд ноцтой алдаа хэмээн үзэж байсан ч дараа нь уг асуудлыг залруулсныг нотолсон. Калифорнид саналын хуудсыг урж хаяжээ гэсэн тайлбартай зураг фэйсбүүкт гарсныг шалгахад 2018 оны хоосон дугтуй байсныг Сономагийн сонгуулийн тойрог тогтоожээ. Европын орнууд Атлантын далайн нөгөө эрэгт болох сонгуулийг анхааралтай ажиглаж буй. Олон нийтийн санал асуулгын олонход Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден тэргүүлж байгаа ч 2016 онд урьдчилсан судалгаа баттай биш болохыг харуулсан. Ирэх сарын 3-нд ч байдал давтагдаж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна. Ялагдвал сонгуулийн дүнг Дээд шүүхээр шийдүүлэхээ Д.Трамп мэдэгдсэн нь ялагчийн нэр удаж байж тодрох эрсдэл үүсэхээр буй. Британийн бооцооны нэг контор Д.Трампыг ялагдсан ч улиран сонгогдох магадлалыг 69 хувь гэж үзжээ. Ингэх боломж АНУ-д бий аж. Энэ нь сонгуулийн дүнг шууд санал хураалт бус, төлөөлөн сонгогчид шийддэгтэй холбоотой.

Европын томоохон орнууд АНУ-ын Ерөнхийлөгчийг солигдож, уур амьсгалаас эхлээд худалдаа, НАТО, Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээр зэрэг өргөн хүрээний асуудлаарх Америкийн бодлогод ахиц дэвшил гарна хэмээн найдаж байна.

Сонгуулийн дүн маргаан дагуулбал Америкт, хэдийн олон салбарт солонгорсон дотоод, гадаад бодлого, коронавирустэй хийх тэмцэлд ноцтой уршиг дагуулна. Вашингтон Хятадтай худалдааны дайн хийж, Өмнөд Хятадын тэнгисээс Йемен хүртэл нөлөөлөхийг оролдож байна. Маргаантай дүн геополитикийн хоосон орон зай үүсгэж, үүнийг Бээжин, Москв. Пёньян нэн даруй нөхөхийг завдаж болзошгүй. Тухайлбал, Хятад улс Тайваньд хүч хэрэглэж магадгүйд шинжээчид түгшиж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)