АНУ-ЫН ЭСЯ 9 сарын 11-ний халдлагын 10 жилтэй холбогдуулан, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ

 9 сарын 11-ний халдлагын 10 жил болж буйтай холбогдуулан, УБ дахь АНУ-ын ЭСЯ өнөөдөр гадна талбайдаа амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ёслол зохион байгууллаа.

Ёслолд АНУ-аас МУ-д суугаа элчин сайд Жонатан Эдлтон, гэргий Фиона Эдлтон, Номхон далайн цэргийн командлагч, Адмирал Роберт Уиллард, Ази, Номхон далайн Стратеги судалгааны төвийн захирлын үүрэг гүйцэтгэгч, генерал Жэймс Хирай, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, 2003 онд Иракт АНУ болон бусад олон орны эвслийн хамт үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн анхны ээлжийн командлагч Генерал Баярмагнай, саяхан Афганистанаас буцаж ирсэн Монгол Улсын цэргийн багийн 4-р ээлжийн ахлагч, хурандаа Батжаргал, АНУ-ын ЭСЯ-ны ажилтнууд болон МУ-д суугаа АНУ-ын иргэд оролцлоо.

АНУ-ын төрийн дуулал эгшиглэж, тус улсын далбааг мандуулсны дараа элчин сайд Эдлтон ёслолын ажиллагааг нээж үг хэлэв.  Мөн Адмирал Уиллард, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга Генерал Баярмагнай нар үг хэлсэн юм.  10 жилийн өмнө 9 сарын 11-ний өдөр халдлагад өртөн, амь насаа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн, АНУ-ын далбааг бөхийлгөж, нэг минут дуугүй зогссоноор ёслолын ажиллагаа өндөрлөлөө.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)