АНУ-ын эрх баригчид эсэргүүцлийн үеэр үймээн самууныг зохион байгуулсан хүмүүсийг баривчлахаар төлөвлөж байна


АНУ-ын эрх баригчид сүүлийн долоо хоногуудад тус улсад болсон эсэргүүцлийн үеэр үймээн самуун зохион байгуулсан хэргээр олон хүнийг баривчлахаар төлөвлөж байгаа аж. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн сайд - Ерөнхий прокурор Уильям Барр Мягмар гарагт/2020.06.09/ Fox News сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ. АНУ-д болж буй эмх замбараагүй байдлын талаар тэрбээр "Хэт барууны үзэлтэй бүлэглэлүүд хэт зүүний дүр эсгэхийг оролдсон. Хэт зүүний үзэлтнүүд хэт барууны болж жүжиглэв. Хоёр талын төлөөлөгчид хүчирхийллийг өдөөх гэж оролдов" хэмээн тодорхойлжээ. Үймээнийг зохион байгуулсан хүмүүсийг баривчлахаар төлөвлөж байгаа юу гэсэн асуултад АНУ-ын Хууль зүйн яамны сайд тийм гэж хариулжээ. "Мөрдөн шалгах ажлын цаг хугацааг би хэлж чадахгүй байна. Гэсэн ч бид эдгээр бүлэг хүмүүсийг номхтгох үүрэгтэй гэж бодож байна" гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Барр Даваа гарагт хэлэхдээ, АНУ-ын эрх баригчид эсэргүүцэлд оролцсон “Антифа” хөдөлгөөнтэй холбоотой олон хүнийг шалгаж байгаа тухай мэдэгдсэн юм. Тодруулбал тэдгээр хүмүүс эсэргүүцлийн үеэр хэд хэдэн гэмт хэрэгт буруутгагдан баривчлагдаад байгаа аж. 5-р сарын сүүлчээр Ерөнхийлөгч Доналд Трамп улс даяар болсон эсэргүүцлийн үеэр дэгдсэн үймээн самуун_ хүчирхийллийн хариуцлагыг зүүний радикал бүлэглэлүүд хүлээх ёстой гээд “Антифа” хөдөлгөөнийг террорист байгууллагын жагсаалтад оруулах бодолтой байгаа тухай мэдэгдсэн билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)