АНУ-ын хил дээр дахиад нэг хүүхэд амьсгал хураажээ

Мексиктэй залгаа АНУ-ын хилийг хууль бусаар давах гэж явахдаа Америкийн талд саатуулагдсан, Гватемалын найман настай хүү амьсгал хураасныг “Associated press” агентлаг уламжиллаа. Үүний дагуу мөрдөн шалгалт явуулахыг Гватемалын Засгийн газар Америкийн эрх баригчдаас хүссэн тухай Гватемалын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Найман настай хүүд өвдсөн шинж тэмдгүүд энэ сарын 24-нөөс илэрч эхэлжээ. Түүнийг эцгийнх нь хамт эмнэлэгт хүргэхэд ханиадны улмаас халуурч байна гээд, эм бичиж өгөөд буцаасан аж. Нью-Мексико муж улсын Аламогордо хот дахь түр саатуулах газарт буцаж очсон өдрийнхөө орой хүүгийн бие нь улам муудаж, эмнэлэгт дахин хүргэгдээд удалгүй амьсгал хураажээ.

“Хүүгийн нас барсан шалтгаан тогтоогдоогүй байна” гэж АНУ-ын Хил, гаалийн албаны төлөөлөгч мэдээлсэн байна

Энэ сарын эхээр мөн Гватемалаас ирсэн, долоон настай охин нас барсан юм. Америкийн хилийг хууль бусаар давсан 163 цагаачийн дунд эцгийнхээ хамт байсан охин саатуулагдсанаасаа хойш найман цагийн дараа өндөр халуурч байгаад амьсгал хураасан юм. Охин хэд хоног хоол, ундгүй явснаас шингэний дутагдалд орсон гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгджээ.

НҮБ-ын цагаачдын эрхийг хамгаалах асуудал хариуцсан тусгай илтгэгч Фелипе Гонсалес Моралес хүүхдүүдийг хил зөрчигчдийн хамт байлгахаа зогсоохыг АНУ-ын эрх баригчдаас шаардсан байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард АНУ-ын Хууль зүйн сайд Цагаачлалын хууль зөрчигчдөд, тэдний дотор Америк, Мексикийн хилийн хүүхдийн хамт хууль бусаар нэвтрэхийг оролдцсон хүмүүсийн талаар хатуу бодлого баримтлахаа зарласан юм. Саатуулагдсан эцэг, эхийг заавал хорьж, эрүүгийн хариуцлагад татаж, тэдний хүүхдийг тусгай төвүүд рүү илгээх болсон билээ.

Мексикийн Цагаачлалын албаны бүртгэлээс үзвэл тус улсад Төв Америкийн орнуудын цагаачдын цуваанд ирсэн 9000 гаруй хүн байгаа аж. Тэд Доод Калифорни, Сонора, Халиско, Веракрус болон Мехико мужид байрлаж байна. Өнгөрсөн сарын 25-нд 500 орчим цагаач АНУ-ын хил давахыг оролдоход тус улсын хүчнийхэн тэдний эсрэг нулимс асгаруулах хий хэрэглэсэн. Үүний дараа Мексикийн эрх баригчид хилийнхээ аюулгүй байдлыг чангатгаж, хүчирхийлэл үйлдсэн, эмх замбараагүй байдалд оролцсон цагаачдыг улсаасаа хөөн гаргах болсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)