АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Рекс Тиллерсон ерөнхийлөгч Дональд Трампыг сахилга бат муутай, “юм унших дургүй” хүн гэж шүүмжилжээ

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон CBS телевизэд  өгсөн ярилцлагадаа Трампын удирдлаган дор хэрхэн ажиллаж байсан тухайгаа ярьжээ. Тэрээр төрийн өндөр алба хашиж байхдаа ч, өмнө нь ч, мөн ажлаасаа халагдсны  дараа нь ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр тун цөөхөн гардаг нэгэн. Харин энэ удаа тэрээр  зүгээр нэг ярилцлага өгөөд зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгчийг нилээн хурцаар шүүмжилсэн байна. Тиллерсон 2018 оны гуравдугаар сард төрийн нарийн бичгийн даргын  албан тушаалаасаа  халагдсан билээ.Түүний үгээр бол ерөнхийлөгч  хувийн сахилга бат муутай дээрээс нь ном унших тун дургүй хүн аж. Үүнээс гадна  Трамп юм л бол хуулинд харш алхамууд хийх гээд байдаг гэнэ.

“Ноён Ерөнхийлөгч өө, та үүнийг хийхийг маш их хүсэж байгааг би ойлгож байна. Гэвч энэ нь хууль бус учраас болохгүй” гэж нэг бус удаа түүнд сануулах хэрэг гарч байсан.  Хамгийн хэцүү нь эмх замбараа, дэглэм ноерхож байсн Exxon Mobil компаниас (Рекс Тиллерсон  өмнө нь тус компанид  топ менежерээр ажиллаж байсан) ирээд ном сонин битгий хэл  ажлын илтгэлийг уншдаггүй, ерөөсөө юм унших дургүй хүний удирдлаган дор ажиллах байлаа. Ер нь Трамп асуудлыг ухаж үздэггүй хүн. Үүнийхээ оронд тэрбээр “үүнд л би итгэж байна” гэж хэлдэг. Бид огт өөр хэв маягийн хүмүүс байлаа. Бас бидний үнэт зүйлсийн ойлголт өр хоорондо эрс ялгаатай” хэмээн  Тиллерсон ерөнхийлөгчтэй ажиллаж байсан тухайгаа ярьжээ. Мөн тэрбээр Трампыг  харилцаа холбооны хэрэгслээр зөвхөн “Твиттер” хуудас ашигладагыг ч шүүмжилжээ.

Түүний үгийг батлах гэсэн шиг  Дональд Трамп экс төрийн нарийн бичгийн шүүмжлэлд  “Твиттер” хуудсаараа хариугаа өгчээ. Тэрээр “Шинэ Төрийн нарийн бичгийн дараг Майк Помпео ажлаа маш сайн гүйцэтгэж  миний бахархалыг төрүүлж байна. Харин түүний өмнөх дарга ухааны бяд дутуу хүн байсан. Бас их залхуу. Харамсалтай нь түүнээс би хурдан салж чадаагүй юм” гэжээ.

Гэтэл 2016 онд АНУ-ын Ерөнхийлгч мөн л “Твиттер” хуудснаа  “Төрийн нарийн бичгийн даргаараа би бизнесийн салбарын дэлхийн шилдэг лидеруудийн нэг Рик Тиллерсоныг томиллоо” гэж бичиж байжээ. Тухайн үедээ Тиллерсон албан тушаалаас огцорсноо мөн л тэрхүү “Твиттер” хуудаснаас олж мэдсэн гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)