АНУ-ын Портлэнд хотод жагсагчдыг хүчээр дарахыг оролдож байна

Эсэргүүцэгчдийг тогтоон барихаар Порт-лэнд рүү илгээсэн цэрэгжсэн анги, нэгтгэлүүдээ эгүүлэн татахыг Орегон муж улс, тус хотын эрх баригчид болон Конгресс дахь Ардчилсан намын удирдагч нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампаас шаарджээ. Тэд Төрийн тэргүүнээ хүч хэрэглэж, Үндсэн хууль зөрчсөн ажиллагаа явуулж байна хэмээн буруутгасан аж. Үүний хариуд Цагаан ордны тэргүүн бусад хотууд руу ч ийм отрядууд илгээхээр амласан байна.

Ялгах таних тэмдэггүй цэргийн битүү хувцастай зэвсэглэсэн хүмүүс энэ сарын эхээр АНУ-ын баруун эргийн Орегон муж улсын хамгийн том хот Портлэндэд очжээ. Эдгээр отрядыг АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яамны бүрэлдэхүүнд саяхан бий болгосон гэнэ. Үүнд Маршалууд (Шүүхийн хамгаалалтынхан) болон Гааль, Хилийн албаны ажилтнууд хамаардаг аж.

Тэд улсын дугаар, таних тэмдэггүй микроавтобусаар хотоор явж, Тойргийн шүүхийн эргэн тойронд хэдэн долоо хоног эргүүл хийж байгаа бөгөөд энэ нь сүүлийн өдрүүдэд тус улсын улс төрийн томоохон дуулиан болжээ.

Дүрэмт хувцастай хүмүүс иргэдийг хууль бусаар, хүч хэрэглэн баривчилж байгаа тул Орегон муж улсын прокурор нь АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах яам болон бусад хэд хэдэн байгууллагын эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн байна. Оршин суугчдыг ийн баривчлахыг хүн хулгайлахтай харьцуулж болохыг хүний эрхийг хамгаалах хамгийн нөлөө бүхий байгууллагууд мэдэгдээд, мөн шүүхэд ханджээ.

Үүний хариуд АНУ-ын Ерөнхийлөгч тийм отрядуудыг Нью-Йорк, Чикаго, Филадельфи, Детройт, Балтимор, Оаклэнд хот руу илгээхээ мэдэгдсэн байна. Эдгээр хотыг Ардчилсан намын гишүүн улстөрчид удирддаг аж.

Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай Жорж Флойд амь үрэгдсэн тавдугаар сарын 25-наас хойш Портлэндэд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, цагдаагийнхны хүчирхийллийг эсэргүүцсэн жагсаал, цуглаан өдөр бүр болж, олон зуун оршин суугч нь оролцдог байжээ. Гэхдээ жагсагчид өдрийн цагаар дуулж, бүжиглээд, шөнө нь Тойргийн шүүхийн дэргэд цуглан эсэргүүцлээ илэрхийлдэг гэнэ. Тухайлбал, энэ сарын 4-нд тус шүүхийн байр луу чулуу, галт бамбар шидэж, хэдэн өдрийн дараа барилгыг тойруулан хаалт барихыг оролджээ.

Цагдаагийнхан жагсагчдад саад болохгүй байхыг хичээдэг ч 4-ний үйл явдлын улмаас хотын захиргаа нь онцгой байдлын дэглэм тогтоож, хүний аминд халдах эрсдэлгүй тул хэв журам сахиулагчдыг жагсагчдад ойртохгүй байхыг үүрэг болгосон аж.

Энэ үеэс Портлэндэд үзэгдэх болсон үл таних цэргийнхэн Тойргийн шүүхийн байранд байрлаж, жагсагчид ойртвол нулимс асгаруулах хий, бороохой, резинэн сум ашиглах болжээ. Харин сүүлийн өдрүүдэд цэргийнхэн тактикаа өөрчилж, жагсагчидтай мөргөлдөх болсон гэнэ. Үүний улмаас өнгөрсөн долоо хоногт нэг жагсагч толгойдоо хүнд гэмтэл авсан байна. Мөн цагдаагийнхны мэдээлснээр Портлэндийн 13 оршин суугчийг хууль бусаар, хүч хэрэглэн авч явсан аж.

Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний чөлөөнд гарсан, 53 настай офицер анх удаа эсэргүүцлийн ажиллагаанд оролцон, эрх баригчидтай хэлэлцээ хийхийг оролдсоныхоо төлөө бороохойдуулж, гэмтсэн байна. Үүний улмаас Портлэнд хотын төвд жагсагчид, үл таних цэргийнхэн хооронд жинхэнэ дайн дэгдсэн гэнэ. Улмаар тайван жагсдаг байсан олон мянган иргэний эсэргүүцэл түрэмгий болж, “Өнгөт арьстнуудад амь нас чухал”, “Нэгдсэн улсынхан эндээс зайл” хэмээн хашхирдаг болж.

Жагсаалыг тус хотод хэдэн өдрийн өмнө үүссэн “Эхчүүдийн хана” хөдөлгөөнийхөн тэргүүлж буй гэнэ. Унадаг дугуйны дуулга өмссөн хэдэн зуун эмэгтэй гар гараасаа барин, жагсагчид болон үл таних цэргийнхний дунд гинжин хэлхээ болон зогсдог аж. Тэд гартаа “Нэгдсэн улсынхаан, бүү ойрт, энд эхчүүд зогсож байна”, “Бидний хүүхдийг тайван орхи” гэсэн зурагт хуудас барьжээ. Ингээд шөнө дундаас хойш жагсагчид шүүхийн байрны дэргэд босгосон хаалт руу дайрахад цэргийнхэн хүч хэрэглэж, зугтсан хүмүүсийг хүртэл мөшгөн хөөдөг болсон гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)