АНУ-ын Миннеаполис хотод онц байдал зарлажээ


АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтны дээрэнгүй үйлдлийн улмаас хар арьстан амиа алдсан явдлаас болж үүссэн эсэргүүцлийн жагсаал эмх замбараагүй байдал болж хувирсан тул тус хотын дарга Жейкоб Фрей онц байдал тогтоох шийдвэр гаргажээ. Энэ тухай Миннеаполис хотын захиргааны албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ. Даваа гарагт /2020:05:25/ дуудлагаар ирсэн цагдаа нар Жорж Флоид гэдэг хар арьстан эрийг сэжигтнээр баривчлахдаа гарыг нь гавлаж, газар хэвтүүлэн хүзүүн дээр нь удаан хугацааны турш өвдөглөж суусан байна. Баривчлах үеэр сэжигтэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд ямар ч зэвсэггүй байсан аж. Флоид амьсгалж чадахгүй байгаагаа удаа дараа хэлсэн ч цагаан арьст цагдаа түүний үгийг тоогоогүй бөгөөд сэжигтэн ухаан алдсаны дараа л түүний хүзүүн дээрээс боссон байна. Хар арьстан эр эмнэлэгт хүргэгдсэний дараа нас баржээ. Эл үйл явдлыг бичсэн бичлэг цахим сүлжээнд тарахад цагдаа нарын үйлдлийг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөн эхэлжээ. Флоидыг баривчлах ажиллагаанд оролцсон дөрвөн цагдааг ажлаас нь халсан ч иргэд тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой гэж шаарджээ. Эсэргүүцэл тайван жагсаал цуглаанаар эхэлсэн ч удалгүй эмх замбараагүй байдал үүссэн байна. Эсэргүүцэгчид олон нийтийн болон хувийн өмчйиг эвдэн сүйтгэж , галдан шатааж, дээрэм тонуул хийж эхэлжээ. Онц байдал зарласны дагуу дэг журмыг тогтооход Үндэсний Гвардийг оролцуулсан байна. “Флоидын үхэл биднээс илүү шударга, ёс зүйтэй тогтолцоог шаардсан сануулга болсон болохоос хүчирхийлэл, бусдын өмчийг эвдэн сүйтгэх замаар асуудлыг шийдэх ёсгүй” хэмээн мужийн эрх баригчдын мэдэгдэлд дурджээ. Онц байдлын горимыг 72 цаг нэвтрүүлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)