АНУ-ын манай улсад оруулсан хөрөнгө оруулалт 63.3 хувиар өсчээ

Монгол Улс, АНУ-ын хоорондын 2004 оны Худалдаа, хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Монгол-Америкийн Худалдаа, хөрөнгө оруулалтын Хамтарсан хороо АНУ-ын Вашингтон хотноо  хуралдаж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Хуралдааныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНУ-ын Худалдааны туслах төлөөлөгч Террэнс Ж.Маккартин нар даргалав.

Хуралдааны үеэр Талууд Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ой болон 2018 оны есдүгээр сард тохирсон “Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн замын зураглал”-ын ач холбогдлыг онцолж, тус хуралдаан нь Монгол Улсын зах зээлд суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.

Хуралдаанаар Монгол Улс болон АНУ хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хүрээнд ил тод байдал, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрх, монголын ноос,  ноолууран бүтээгдэхүүний экспорт, АНУ-ын Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP), худалдааг хөнгөвчлөх, хөхиүлэн дэмжих зэрэг өргөн хүрээний асуудлаар харилцан санал солилцов.

2018 оны байдлаар хоёр орны худалдааны эргэлт 131 сая ам.доллар болж, 2017 оныхоос 47,1 хувиар өсчээ. Харин  АНУ-ын манай улсад оруулсан хөрөнгө оруулалт 2017 онд 147 сая ам.доллар болж 2016 онтой харьцуулахад 63,3 хувиар өссөн байна.

Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан хорооны ээлжит уулзалтыг  Улаанбаатар хотноо зохион байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)