АНУ-ын консул Мексикт алагдав

Мексикийн хилийн ойролцоох Сьюдад-Хуарес хот дахь АНУ-ын консулын ажилтан нөхөр болон хамт явсан мексик хүний хамтаар алагдсан байна. Хар тамхи АНУ руу зөөвөрлөдөг хууль бус зэвсэгт бүлэглэлүүд энэ хэргийг үйлдсэн хэмээн албаны хүмүүс сэжиглэж байгаа аж. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Майк Хаммер “Ерөнхийлөгч болсон явдлын талаар сонсоод ихээхэн балмагдаж, эгдүүцсэн. Бид Мексикийн эрх бүхий хүмүүстэй хамтран алуурчдыг шударга шүүхийн өмнө авчрахын төлөө цуцалтгүй ажиллах болно” гэж мэдэгдэв.  Амь үрэгдсэн хүмүүс Мексик дэх АНУ-ын Консул 35 настай  Лесли Энрикес, түүний нөхөр 34 настай Артур Ределф нар мөн болохыг хамаатных нь нотолсон байна. Тэдний нэг настай хүүхэд машины арын суудлаас эсэн мэнд олджээ. 
Мексикт хар тамхины хууль бус бизнес эрхэлдэг бүлэглэлүүдийн хоорондын тэмцэл сүүлийн жилүүдэд эрс хурцдаж, 2006 оноос хойш 18.000 хүн амь үрэгдээд байгаа ч АНУ-ын консулууд тус улсын хил орчмын таван хотод үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Аллага гарсны дараа Цагаан ордон иргэддээ хандан онцын шаардлаггүй бол Мексикийн Дуранго, Чиуауа, Коауила муж руу явахгүй байхыг анхааруулаад, консулын ажилтнуудыг гэр бүлийнхнээ нутаг буцаахыг даалгажээ.
 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)