АНУ-ын конгрессын хоёр гишүүнээс коронавирусийн халдвар илэрч, 14 гишүүн өөрсдийгөө тусгаарлажээ

АНУ-ын Флорида мужаас сонгогдсон Конгрессын гишүүн Марио Диас-Баларт коронавирусын халдвар авчээ. Энэ тухай түүний ажлын албанаас өчигдөр мэдээлжээ. “Бямба гарагийн орой Конгрессын гишүүн Диас-Балартад халуурах, толгой өвдөх шинэ тэмдэг илэрсэн. Шинжилгээ өгөхөд түүнийг covid-19-ийн халдвар авсан байна гэдгийг мэдэгдсэн” гэж уг мэдээлэлд бичсэн байна. Диаз-Баларт өөрийн биеийн байдлыг сайжирч байгаа тухай мэдэгдээд Америкчуудад хандаж халдвараас сэргийлэхэд “онцгой анхаарал” тавихыг уриалжээ. Түүний дараа Юта мужаас сонгогдсон гишүүн Бен Макадамс коронавирусийн халдвар авснаа өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. Тэрээр мөн л өнгөрсөн амралтын өдрүүдээр бие эвгүйрхэж шинжилгээ өгтөл хариу нь эерэг гарчээ. "Би хорио цээрийн дэглэмийг зогсоох нь аюулгүй гэдгийг олж мэдтэл өөрийгөө тусгаарлан гэрээсээ ажиллах болно. Урьдын адил Юта мужийн оршин суугчдын төлөө ажиллаж, тэдэнд шаардлагатай бүхнийг нь олж өгөхийг хичээнэ" гэж Макадамс бичжээ. АНУ-ын конгрессын өөр 14 гишүүн өөрийгөө халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглээд тусгаарлагдах арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар АНУ-д 8,500 гаруй хүн коронавирусийн халдвар авч, 118 хүн нас бараад байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)