АНУ-ын илгээлтийг дамжуулав

Сингапурт болсон Зүүн өмнөд Азийн орнуудын сайд нарын уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампаас БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд явуулсан илгээлтийг Умард Солонгосын Гадаад хэргийн сайд И Ён Ход дамжуулснаа Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео твиттер хуудсандаа мэдээлжээ. Ким Жөн Унаас энэ сарын 1-нд ирүүлсэн захидлын хариуг тийнхүү өгсөн тухай Төрийн департаментын хэвлэл мэдээллийн албаны дарга Хезер Науэрт хэлснийг “Reuters” уламжлав.

“Сингапурын уулзалтын дараа хоёр удирдагч захидал солилцсоор байгаа нь хамтарсан мэдэгдлийнхээ хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн” гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдээлжээ. БНАСАУ-ын удирдагчаас Д.Трамп захидал авсныг тэрбээр мэдээлэхдээ ийн хэлсэн байна.

АНУ, БНАСАУ-ын удирдагчид зургадугаар сарын 12-нд түүхэн дээд хэмжээний уулзалтаасаа хамтарсан мэдэгдэл гаргасан билээ. Үүнд тухайлбал, Пёньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн буйгаа мэдэгдсэний хариуд АНУ аюулгүй байдлын баталгааг БНАСАУ-д гаргаж өгөх үүрэг хүлээсэн юм.

Үүний сацуу дэлхийн II дайны үеэр атомын бөмбөгдөлтөд өртсөн хэрнээ Япон Улс цөмийн амбицаа жилээс жилд хөгжүүлсээр байна. Умард Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас нийтэлсэн, тус улсын Ази, Номхон далайн бүс нутгийн энх тайван байдлын төлөө хорооны илтгэлд ийн дурджээ. Уг баримт бичгийг 1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ Хирошимаг бөмбөгдсөн түүхэн өдрийг тохиолдуулан гаргасан аж.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээс гадна цөмийн түлш дахин боловсруулах замаар плутони үйлдвэрлэдэг дэлхийн цорын ганц улс нь Япон болохыг дээрх хороо тэмдэглэжээ. “Өдгөө дэлхийд 518 тонн плутони байгаагийн 47 тонн нь Японд бий. Тус улс цөмийн зэвсэгтэй болох, дэлхийд цөмийн гамшиг нүүрлэх нь ердөө цаг хугацааны л асуудал” хэмээн БНАСАУ үзэж байна. Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг хүсэж байгаа бол АНУ Японд хуримтлагдсан плутонийн асуудлыг ч шийдэх хэрэгтэй гэж дээрх илтгэлд дурдсан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)