АНУ-ыг туйлын шуурга дайрч байна

АНУ-ын нутаг дэвсгэрийн ихээхэн хэсгийг хамарсан туйлын шуурга дээд амжилт тогтоохоор хүйтэн цаг агаар, ер бусын их цас дагуулжээ. Зарим газарт агаарын температур -50 градус, түүнээс доош бууж хүйтрэхээр байгааг цаг уурчид сэрэмжлүүлж байна. Баруун нутгийн Висконсин, Мичиган, Иллинойс муж улс, өмнөдийн Алабама, Миссисипид онц байдал зарлажээ. Чикагод энэ долоо хоногийн сүүлчээр Өмнөд мөсөн далайгаас ч хүйтэн байх гэнэ. Их хэмжээний цас орж хүйтэрсний улмаас АНУ-д одоогийн байдлаар таван хүн осгож, 2000 гаруй нислэг цуцлагдав. Уур амьсгалын өөрчлөлтөд итгэдэггүйгээрээ алдартай, тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Дэлхийн дулаарал юу болов? Бушуухан буцаад ир, бидэнд их хэрэгтэй байна!” хэмээн хошигножээ.

Эрдэмтэд дэлхий дулаараад байгаа тухай арваад жил ярьж байхад олон улсад өвөл нь жил ирэх тусам хүйтэн болоод буй талаар дэлхийн хэдэн сая хүн лавлаж байна. Эдгээр үзэгдэл хоорондоо ямар холбоотой, манай гаргийн дундаж температурын өсөлт яагаад хэт хүйтрэл дагуулж болзошгүй байгааг ВВС тодруулжээ.

ТУЙЛЫН ШУУРГА ГЭЖ ЮУ ВЭ

Туйлын шуурга гэдэг нь умард туйлыг тойрон эргэлддэг хүйтэн агаар бүхий хуй юм. Өмнөд өргөрөг рүү ойртох тусам агаар хүчтэй халдаг. Үүний улмаас тэндхийн даралт өндөр учраас агаараа даралт багатай хойд зүг рүү үлээдэг. Энгийнээр хэлбэл, өмнөдөөс хойш салхилдаг.

Бөмбөрцөг тэнхлэгээ тойрон эргэдэг учир агаарын урсгал туйлыг тойрон эргэхдээ туйлын шуурга гэгдэх хуй буюу шувтан нүх үүсгэдэг байна. Нарийн яривал тийм хоёр нүх бий бөгөөд дээр дээрээсээ давхралдсан байдаг. Үүний доод талынх нь онгоц нисэх өндөрт буюу 10-12 км-т оршдог. Агаарын энэ урсгал бүтэн жилийн турш үргэлжилдэг бөгөөд халалтаас шалтгаалаад дэлхий хойш болон урагш хэлбийж, цаг агаарын байдлыг бий болгодог. Дээд туйлын шуурга зөвхөн өвлийн цагт үүсэж, 50 орчим км-ийн өндөрт шуурдаг. Доод нүхнээсээ ялгаатай нь агаарын энэ урсгал дугуй хэлбэртэй мэт харагддаг. Учир нь дэлхийгээс хол бөгөөд түүний халалтаас бага хамааралтай юм байна.

ХҮЙТЭН ШУУРГА ЯАГААД УРАГШ ШИЛЖИВ

Сүүлийн 50 жилд хүлэмжийн хийн улмаас манай гаргийн температур дунджаар нэг градусаар дээшилжээ. Гэвч Умард мөсөн далай бусад бүс нутгаас үлэмж хурдан халж байгаа учраас цас, мөсөн бүрхүүл нь хайлан газар, далайн гадаргуу “нүцгэрч” буй. Нүцгэрсэн бараан газар нарны туяаг илүү шингээж, хүчтэй халж байна. Ингээд туйл болон өргөрөг хоорондын температурын ялгаа багассанаас АНУ-ын дулаан өмнөд хэсгийг тэнд урьд өмнө байгаагүй хүйтэн агаарын урсгал дайрахад хүргэжээ.

ДЭЛХИЙН ДУЛААРАЛ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮГ ҮҮ

Ерөнхийлөгч Д.Трампын асуултад “Үгүй” гэж хариулах нь. Ирэх өвөл арай дулаан болно гэж хүлээх үндэслэл байхгүй. Харин ч эрс хүйтэн өвлийн давтамж ихсэх аж. Гэхдээ энэ нь дэлхийн дулааралд үл итгэгчдэд л найдвар төрүүлсэн хэрэг байж болох гэнэ. Тухайлбал, Вашингтон цасанд умбаж байхад Австралид түүхэнд байгаагүй халуун зун болж байна. Өнгөрсөн долоо хоногт Австралид бараг л 50 градус хүрч халжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)